Хорооллын “Номин”-гийн тааз нурж, үйлчлүүлэгчийг гэмтээв

Баянгол дүүргийн 14 дүгээр  хороонд үйл ажиллагаа явуулдаг “Номин фейшн” ХХК-ийн “Номин их дэлгүүр”-ийн бэлэн хувцасны /Теранова/ тасагт барилгын тааз нурж хүн осолдсон тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шуурхай албанаас ирүүлсэн мэдээллийн дагуу ослын газар дээр Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.Ууганбаатар, Д.Цэцэгбадам, Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Жаргал нар ажиллалаа.

    “Номин фейшн” ХХК-ийн “Номин их дэлгүүр”-ийн бэлэн хувцасны /Теранова/ тасагт 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 12 цаг 29 минутын орчим барилгын дүүжин тааз нурж ажилтан Ж.Уранзаяа, үйлчлүүлж байсан нэг иргэн осолд өртсөн байна. Осолдогчдын зүүн гарын булчин хавьд зөөлөн эдийн гэмтэлтэй байдалтайгаар “Гэмтэл согогын үндэсний төв”-д эмчлэгдэж байна. Биеийн байдал дунд зэрэг.

 Осол гарахад нөлөөлсөн хүчин зүйлс:

     “Номин фейшн” ХХК-ийн үйлчилгээний зориулалттай 1 давхар барилгын угсармал төмөр бетон нүхт хавтан хучилтад бэхэлсэн гипсэн дүүжин таазны төмөр рамыг стандартын дагуу угсраагүй, бэхэлсэн бэхэлгээг зориулалтын бус аргаар бэхэлсэн, чанарын шаардлага хангаагүй материал /тэлэгч боолт/ ашигласан байна.

     Энэ нь ашиглалтын хугацаанд олон тооны гэрэл дүүжилсэн, гипсэн таазны өөрийн жинг дийлэхгүй байсаны улмаас бэхэлгээ хэсгээрээ суларч унасан нь осол гарахад нөлөөлсөн байна.

 

Зөрчигдсөн хууль тогтоомж:

     “Номин фейшн” ХХК нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 /Аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэлийн орчин нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүлахуйн стандарт, шаардлага хангасан байна./, “Барилгын тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 /механик аюулгүй байдлыг хангах: барилга байгууламжийн материал, хийц, бүтээц, эдлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх;/, 11.1.5 /барилга байгууламж ашиглагчдын аюулгүй байдлыг хангах: барилга байгууламж ашиглалтын явцад хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахгүй,… эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй байхаар төлөвлөгдөн баригдсан байх/-д заасныг тус тус зөрчсөн байна.

Авсан арга хэмжээ:

     “Номин фейшн” ХХК-ийн “Номин их дэлгүүр”-ийн бэлэн хувцасны /Терранова/ тасгийн үйл ажиллагааг зөрчил арилгах хүртэл хугацаагаар улсын ахлах байцаагчийн 2017.04.02-ны өдрийн 02-06-038/146 тоот актаар хэсэгчилэн зогсоов.

Дүгнэлт.

     Ажилтан Ж.Уранзаяа осолд өртсөн нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1/”Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д заасан ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж байх үед /-д заасан үйлдвэрлэлийн осол мөн.

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …