2017 оны төсвийн тодотгол хэлэлцэж буйтай холбогдуулан бизнесийнхэн төсвийн зардал болон Хувь хүний орлогын албан татварыг нэмэгдүүлэхгүй байхыг шаардлаа. МҮХАҮТ-аас дээрх шаардлагыг биелүүлэхгүй тохиолдолд нийт аж ахуйн нэгжид татвараа төлөхгүй байхыг уриална хэмээн мэдэгдсэн юм.
Хувийн хэвшлийнхний оролцоотой хийсэн Хэвлэлийн бага хурлын үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав ярихдаа, “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлснээр 2016 оны төсвийн татварын орлого төлөвлөснөөс 487,1 тэрбум төгрөгөөр өссөн. Үүний дотор Нэмэгдсэн өртгийн албан татварын орлого өмнөх оны гүйцэтгэлтэй харьцуулбал 70 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бөгөөд энэ нь сүүлийн 20 жилд анх удаа татварын орлого бүх төрлөөр биелсэн үзүүлэлт юм. Мөн 2017 оны эхний гурван сард татварын орлого 30 хувиар давж биеллээ. Үүнээс дүгнэхэд татварын эрх зүйн орчны шинэчлэлийн системийн эхлэл тавигдаж, үр дүнд нь эдийн засаг хүндрэлтэй хэдий ч төсөвт төвлөрөх татварын орлого зөвхөн 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс өнөөдрийг хүртэлх хугацаанд 800 тэрбум төгрөгөөр давсан байна.
Ийнхүү татварын суурь өргөжиж, татварын орлого бүрдүүлэхэд нааштай үр дүн гарч байгаа энэ үед Засгийн газраас төсвийн зардлыг нэмэгдүүлэх, тэтгэврийн насыг нэмэх, түүнчлэн 2016 оны намрын чуулганаар хэлэлцүүлж байсан татвар нэмэх асуудлыг Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэх нэрийн дор 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэх гэж байгааг бизнесийн төлөөллийн гол байгууллагын хувьд МҮХАҮТ дуугүй хараад сүүхгүй. Төсвийн зардлыг 2017 оны батлагдсан төсвөөс огт нэмэгдүүлэхгүй байх, төрийн захиргааны албан хаагчдын тоог 20 хувиар, үйлчилгээний албан хаагчдын тоог 10 хувиар тус тус бууруулах, Нийгмийн даатгал, Хувь хүний орлогын албан татварыг нэмэгдүүлэхгүй байхыг шаардаж байна. Мөн монгол хүний насжилт, салбарын онцлог, ажлын байрны нөхцөл, тогтвортой байдал зэрэг хүчин зүйлүүдийг харгалзан үзэх хэрэгтэй. УИХ 2017 оны төсвийн тодотголыг шийдвэрлэхээс өмнө УИХ-ын гишүүдээс бүрдсэн ажлын хэсгийг байгуулан дээрх шаардлагуудыг судлан шийдвэрлэхийг холбогдох төрийн байгууллагуудаас шаардаж байна” гэв.
Бизнес эрхлэгчдээс тавьж буй дээрх шаардлагуудыг хүлээн авч нааштай шийдвэрлээгүй тохиолдолд 2017 оны дөрөвдүгээр сарын 10-нд төлөх гуравдугаар сарын Нэмэгдсэн өртгийн албан татвар, дөрөвдүгээр сарын 15-нд төлөх нэгдүгээр улирлын ААНОАТ, тавдугаар сард төлөх дөрвөн сарын Нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй байхыг нийт аж ахуйн нэгжүүдэд уриалахаа мэдэгдлээ.
Түүнчлэн тодорхой асуудлуудаар мэдэгдэл гарган УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүдэд хүргүүлэхээ илэрхийлэв.
montsame.mn