-Уг нь бол хуульчид нь хуулиа боловсруулж, эдийн засагчид нь төсвийн задаргааг нухаж, ард түмний төлөөлөл тэднийг хянаж, чиглүүлж, болохгүй шиг бол ташуур өгдөг тийм л сонгодог тогтолцоог олон нийт хүсээд байдаг??? Та юу гэж бодож байна вэ? С.Жавхлан уулан дээр үгээ хэлээд зогсож л байг уу??-
С.Жавхлан гишүүн маань Бурхан халдун ууланд гарч, тангараг өргөжээ. Хаврын чуулганы нээлтийн өдөр “томилолттой” хэмээн эзгүй байсны учир энэ. Хаврын сүүлчийн цасан шамаргатай өдөр уул руу мацан үгээ хэлсэн түүний видео бичлэг сошиалаар өнөөдөр ид тархаж буй.
Уг нь УИХ-ын гишүүн хүн чуулганы танхимдаа үгээ хэлж байх ёстой атал уул хад руу мацаж, тангараг сэлт талбисныг шүүмжлэх нь шүүмжилж дэмжих нь дэмжиж. Арга ч үгүй энэ парламентад үг хэлэх боломжгүй, хэлээд ч хэн ч тоохгүй, харин ч ард түмнийхээ төлөө чин сэтгэлээрээ өмөлзөж байгаа нь өдий зэрэг хэмээн нөхөд нь түүнийг өмгөөлжээ.
УИХ-ын танхимд түүний үг хүчгүйдэж байгаа гэдгийг ч өөрөө хэлж. УИХ-ын нээлтэд дагуул морьтон эрстэйгээ давхин ирж, ташуур атган морилсон, эрүүл мэндийн салбарын төсөв хэлэлцэж байхад “Өлөн шээсээр өвчин болгоныг эдгээдэг юм” гэж хадуурсан, батлагдчихсан хуулийн араас горимын санал хэлсэн, овоо хайрхны нэрийг солих тухайд бүсгүй хүн хуулийн төсөл өргөн барих учиргүй гэж адайрласан гэх мэт түүний тухай инээдэм, ханиадам болгох ярианы сэдэв мундахгүй олон.
Дөнгөж гишүүн болуутаа “Надад хэлэлгүйгээр нууцаар хуралдаад байна” гэсэн онигоонд орж байсан, өнөөгийн парламентын ганц содон төрх. “Хэлэлцэж байгаа асуудлыг ойлгодог ч юм уу даа, үгүй юм уу гэмээр нөхөр шүү дээ. “Хангалттай сайхан попчин шүү дээ” гэж “ангийнх” нь“нөхөд”түүнийг тохуурхана. Харин олонх дэмжигчид нь түүнийг хулгайч, худалч гишүүдийг бодвол эх орон, эгэл ардын төлөө өмөлзөх зүрхтэй хүн хэмээн амиараа ч хамгаалахад бэлэн. Магадгүй тэр зарим нэг асуудалд мэдлэг дутах ч өнөөдрийн олонх олон нийтийн эрх ашгийг няцлах хууль, хуйвалдаан зохиоход бархиран эсэргүүцэх цөөхөн хүний нэг гэдэгт дэмжигчид итгэдэг, итгэхийг хүсдэг.
Яах аргагүй тэр бие даагчид ялах магадлал тун бага, хэтэрхий том тойрог, хөрөнгө мөнгөний уралдаан гэмээр “алаан” дундаас ганцаараа сонгогдож чадсан нь үнэн. Гэвч хууль боловсруулах, хэдэн арван мянган хүний төлөөлөл нь болж чадах зэрэг нь дээл малгай, дуу хуур, үндэсний үзэл, үлгэрийн гэмээр мөрөөдөл ярихаас бас л өөр асуудал.
Цөмийн эрчим хүч, гадаад харилцаа бүр наад зах нь татвар төсвийн ярвигтай хууль сэлтийг ойлгож, хүчтэй парламентч байна гэдэг бас олны хайрыг дуугаараа татсан С.Жавхланд бүү хэл ахдах ажил. Тэр тусмаа нэг намын үнэмлэхүй олонх парламентад цор ганц бие даагч С.Жавхланд үнэндээ уулан дээр гарч үг хэлэхээс илүү үр дүнтэй “ажил” ховор. Тэр тусмаа нэг намын 65 гишүүн ч бус намын лидерүүд л зөвхөн хөшигний ард бүхнийг шийдэж, бусад нь кноп дарагч төдий болж хувираад байгаа өнөөгийн нөхцөлд.
Тэгээд С.Жавхлан одоо яах ёстой вэ? Уулан дээр гарч үгээ хэлэн, гэр хороололд шороо хадаан цэвэрлэгээ хийж, илгээлтийн эзэн малчны тухай дуу дуулан, концерт тоглож, малчдад элгэвч нэмнээ, машинтай өвс илгээж, үе үе тэмцэлд уриалж, УИХ-ын “ангийнх” нь нөхөд тохуурхан, шоолоод сууж л байг уу. Дараа, дараагийн Жавхлангууд яах вэ? МАНАН-д нэгдсэн хоёр намынхаа ухаантан мэргэдээ худлаа ярьж буйг нь мэдсээр байж сонгоод л явах уу?
Үнэнийг хэлэхэд өмнөх парламентуудад ч одоо ч хуулийнхаа, үндсэн ажлынхаа учир холбогдлыг ойлгохгүй кноп дарагчид байж байсан, байсаар ч байгаа. Үе, үеийн парламентад “босож зогсдог”, буруу ярьдаг, за тэгээд хүүхэд, хөгшдөд бэлэг тарааж, эмнэлгийн хана угааж, засмал замын хажууд цас ухаж, бүр биелгээ биелж, бурхан тэнгэрээр асуудлыг шийдүүлэх нь зүйтэй гэх шахуу санал гаргадаг гишүүд байсан. Хууль боловсруулж, үндсэн чиглэл, бодлогоо боловсруулж байх ёстой гишүүд тойргийнхоо сонгогчдод таалагдахын тулд бэлэг тараахаас эхлээд, төсөв тарамдаад байгааг нь мэдсээр байж тойрогтоо хэрэгтэй хэрэггүй мөнгө татах гэж алалцаж, нэг гараараа эсэргүүцэж байсан төслийнхөө нээлтийн туузыг нөгөө гараараа баяр ёслолын байдалтай нь хайчлах нь ч олонтоо.
Гэвч энэ бол хүний тархины хэмжээ, харагдах байдал, сайн муу хүний тухай асуудал биш нь улам тодорхой болсоор. Хэнийг ч сонгосон тэд ийм л замыг туулж байна.
Угтаа бол бид “тэр” хүнээс агуу хуульчийн хэмжээнд хуулиа боловсруулж, суут эдийн засагчийн хэмжээнд нь төсвийн задаргааг нухаж, дээр нь Дорж, Дондог, Дулмаагийн адил талхны үнийг түгдрэлгүй хэлж, татварын гачаалыг туулж, эгэл борог амьдралын үнэнийг яс махаараа мэдэрч, төлөөлөл нь байхыг хүсээд байдаг???
Ямар ард түмэн байна, тийм төр буй гэхийн дор барилгачин, шаварчин, “бөхчин” дуучин гишүүдийг парламентдаа илгээх гэхээр мөнөөхөн хууль боловсруулах үндсэн агуулга алга болчих гэдэг.Мэргэшсэн хуульч, агуу стратегичдыг сонгох гэмээнэ ард түмний төлөөлөл хэмээх их утга нь алдагдах. Дээр нь нэгэнт буруу голдрилоор тогтсон систем өдгөө хэнийг ч авлигачин, ар хударгаар хуйвалдагч болгох бүхэл бүтэн систем болон бөхөжсөнийг бид харж байгаа.
Тэр бүрийд нэг талаасаа сонголтын гажиг, эсвэл тогтолцооны цоорхойг хэмээх үгээр булзааруулдаг. Иргэдийн сонголт, төлөөлөл үү, намуудын нарийндаа хууль тогтоогчдын бодлого, тасралтгүй ажиллагаа чухал уу гэдэг дээр хариулт өгч чадахгүй өнөөдрийг хүрч, эцэстээ тогтолцооны сүйрлийн ирмэг дээр тэнцэн ядан зогсож байна.
Энэ хэвээр явсаар ахул дараа, дараагийн сонгуульд мөн л бид энэ ацан шалаанд жадлуулсан хэвээрээ л байх биз. Тэгээд бид яах ёстой вэ?
Уг нь бол хуульчид нь хуулиа боловсруулж, эдийн засагчид нь төсвийн задаргааг нухаж, ард түмний төлөөлөл тэднийг хянаж, чиглүүлж, болохгүй шиг бол ташуур өгдөг тийм л сонгодог тогтолцоог олон нийт хүсээд байдаг??? Та юу гэж бодож байна вэ? С.Жавхлан уулан дээр үгээ хэлээд зогсож л байг уу?