Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг иргэн бүрт хуваарилсан билээ. Ингэснээр нэг иргэнд 1,072 ширхэг хувьцаа ногдсон юм. Харин 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө Засгийн газраас иргэдийн “Эрдэнэс Таван Толгой”-н 1072 хувьцааны 30 хувийг худалдан авсан.
Одоо үлдсэн хувьцаагаа яах вэ, яаж эргэлтэнд оруулах вэ гэсэн асуулт иргэдийн дунд их байгаа. Тэгвэл, энэ талаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа хэлэхдээ “Өргөдөл, гомдол иргэдээс ирж байгаа. Ерөнхий сайд чиглэл болгосны дагуу миний биеэр ахлуулсан 1,072 хувьцааг эргэлтэд оруулах асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж эхэлсэн. “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Таван Толгой” компаниуд, Хөрөнгийн бирж, Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвтэй хамтран энэ асуудлыг хэрхэн цогцоор нь шийдвэрлэх вэ гэдгийг судлахаар ажиллаж байна. Удахгүй энэ асуудлыг Засгийн газрын түвшинд танилцуулна. Ажлын хэсгийн зүгээс хувьцаа бүхий иргэд болон энэхүү хувьцааг худалдан авсан аж ахуйн нэгжүүдийг хохироохгүйгээр шийдэл гаргаж тавих ёстой” гэсэн юм.