Лам хүн гэж ямар хүнийг хэлдэг вэ гэдгийг миний бие аз завшаан таарч нүдээр харж, сэтгэл зүрхэндээ шингээж авсан билээ.
Тэр ой ухаанд минь ЛАМ ХҮН хэмээх агуу гайхамшигтай уран зураг, хана хэрэм мэт бат бэх ойлголтыг бүтээсэн хүмүүсийн манлай нь миний “ГА”-гийн багш НАЦАГ гэж нэгэн насаа Өндөр гэгээний үүсгэсэн хийдийн хурал номыг таслахгүйн төлөө зориулсан, хүнд хэцүү цагт өчүүхэн амины төлөө алт эрдэнэс, мөнгө төгрөг хурааж хав дараагүй атлаа Өвгөн хүрээнийхээ өндөр дээд шүтээнийг өндөгөө дарсан шувуу шиг, нүдний цөцгий шиг, ёстой савгандаа тачаасаар анчинд алуулах сарлаг мэт нандигнан хадгалж хурал номтой биднийг залгуулсан ачтан минь.
Удаах нь миний унзад багш ДАВАА гэж сайхан буурал байв. Эгэл энгийний туйл байлаа, хичнээн их юм мэдэх тусам, хичнээн их хүн байх тусам эгэл даруухан байхын үлгэр болсон буянтан байв.
Удаах нь ЦОРЖ БАГШ гэж энэ хотод ч, тэр нутагт ч алдаршсан ОСОР гэж энэ цагийн аяга тахимлагуудын манлай ариун гэлэн байв. Зөв явдал, зөв сэтгэл, зөв үзэл гэгч ямар их хүчтэй, бүр ид шидтэй гэмээр их хүчтэйг бидэнд харуулсан сан… Хэрэв харанхуй шөнөөр гэрт нь дайран орж ирээд хоолой багалзуурыг нь боогоод бурхан шүтээнээс нь аваад гарсан тэр ухвар мөчид нэгэнд уурссан бол Цорж багшийн шарх тэр өндөр насанд тэгж эдгэхгүй байх байсан биз… Бараг нь нялх хүүхдийн биедээ олсон шархнаас ч хурдан, сорвигүй эдгэж билээ. Энэхүү зах зухаас нь там тум дурсамжийг сайн мэдэх хүн өнөөдөр бишгүй бий.
Лам хүн болгон аашгүй, налайсан уужуу тайван хүмүүс бас байгаад байдаггүй. Миний ЯАРМАГИЙН БАГШ гэж алдаршсан НАЙДАН гэж ачтан байлаа. Номын далай байлаа. Нарийн нандин дамжлагатай, айхтар нямбай, тэр хэрээрээ чанга зарчимч хүн байв. Их ойр дотно биш хүмүүс “Танай багш ааштай. Би айдаг” гэдэгсэн. Болж бүтэхгүй юманд ааш гаргахдаа ч, хэлэх хэлэхгүйн хэмжээ хязгаар, хэнд юу хэлэх үү гэдгийн шалгуур хэмжүүр гэж байдаг гэдгийг би багшаасаа санаа сэжүүр авдагсан.
Одоо ч миний зэргэлдээ хажуу дэргэд амьдарч үлгэр дууриалал минь болж, оюун санааг минь залж чиглүүлэлцэж яваа Ш.СОНИНБАЯР, Т.БУЛГАН, Д.ЦЭРМАА гэх сайхан багш нар минь байна.
Бүгд л МОНГОЛ ЛАМ нар. ЛАМ хүнд нэг их МОНГОЛ байна уу, ХЯТАД байна уу нь угтаа бол ёстой падгүй хэрэг биз. Эх болсон хамаг амьтан л бол аль ч ялгаагүй амьтан… Ойр хол таних танихгүйгээс үүдэх ялгаа гэж үгүй.
Багш нар минь олон сайхан эрдэм зааж, залгуулж өгсөн боловч миний сав жижиг, буян багын эрхээр үл ойлгохын, ойлгосноо ч мартахын хулгайчид алдсан байна. Гэхдээ бүр их гүн гүнзгий учир шалтгааныг нь ухаж дэлгэж чадахгүй боловч, бүдэг бадаг ч болов санагдах нь ертөнцийн доройтол бүхний үндэс нь МУНХАГ бөгөөд МУНХАГ-ийн их нь БИ-д барьсан, МИНИЙ-х хэмээх үзэл юм гэдэг.
Д.Даваасүрэн