Ж.Батзандан: “Улстөрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх” сэдвээр мэдээлэл хийв

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Улстөрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх” сэдвээр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Төрийн албан хаагчдын тоо 2001 оноос хойш аажмаар өссөөр 2012 оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар нийт 162769 төрийн албан хаагч, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар нийт 186458 төрийн албан хаагч ажиллаж байгаагаас 3092 нь улс төрийн, 19687 нь төрийн захиргааны, 35736 нь төрийн тусгай албаны, 127943 нь төрийн үйлчилгээний албанд ажиллаж байна. Дээрх статистик мэдээллээс харахад 4 жилийн хугацаанд төрийн албан хаагчдын нийт тоо 23689-аар нэмэгдсэн байна. Төрийн албыг тогтвортой, улс төрөөс хараат бус болгохын тулд 2008 онд Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулж улс төрчдөөс бусад бүх төрийн албан хаагчдыг намын харьяалалгүй болгосон. Гэвч, төрийн албан тушаалд томилох, халахдаа улс төрийн намын харьяаллыг харгалзан шийдвэрлэсэн асуудалтай холбоотой гомдол захиргааны хэргийн шүүхэд ихээр ирдэг. Түүнчлэн албаны тоон үзүүлэлтээс харахад сонгуулийн дараа халаа сэлгээ хийх нь их байна. Энэ нь төрийн алба улс төрөөт хараат байсаар байгааг харуулж байна.

Төрийн алба тогтвортой байх нь төрийн албан хаагч мэргэшсэн байхтай салшгүй холбоотой. Төрийн албан хаагч мэргэшсэн байх гэдэгт түүнийг төрийн ажилд дадлагажуулах, туршлага суусны хэрээр түүнийг илүү хариуцлагатай ажилд шат ахиулан ажиллуулахыг ойлгоно. Үүнийг хангах үндсэн арга нь албан тушаал бүрийн зорилго, чиглэл, түүнд ажиллах хүнд тавигдах шалгуур маш тодорхой байх учиртай.

Гэтэл манайд үйлчилж байгаа хууль тогтоомж хэт ерөнхий байгаагаас байгууллагууд албан тушаалд тавих мэдлэг чадварын шаардлагыг ерөнхий байдлаар, нийтлэг үзүүлэлтээр тогтоодог. Сул орон тоо гарсан тохиолдол бүрт ажил олгогч өөрийн сонирхож байгаа хүндээ тохируулан ажлын байранд тавигдах шаардлагыг өөрчлөх, яг ижил албан тушаалуудад өөр өөр шаардлага тавьж төрийн албаны шалгалт зарлах нь элбэг байна. Мөн төрийн албан хаагчдыг хуульд заасан үндэслэлээс гадуур халж, чөлөөлөх нь тасардаггүй. Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэсэн төрийн албатай холбоотой маргаан 2012 онд 133 байсан бол 2015 онд 400 болж өссөн” гэв.

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …