С.Эрдэнэ: Бид 2020 онд Монгол Улсын хөгжлийн бодлогыг тодорхойлох ёстой

1aab7f8d7b4d9407087fd288dbc5e3f8.jpg

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ орон даяар намын шинэчлэлийг эхлүүлж шинэчлэлийн хүрээнд 21 аймаг есөн дүүргийн шинээр сонгогдсон намын дарга, ҮБХ-ны гишүүд, намын хорооны гишүүдийг батламжилсан. Тэрээр энэ сарын 1-ны өдөр Налайх дүүргийн Ардчилсан намын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо. Хурлыг нээж “Би намын даргын ажлыг аваад хамгийн түрүүнд намын шинэчлэлийг цаг алдалгүй эрчимтэй хийх ёстой юм байна гэж ойлгосон. Хэдийгээр 2016 онд УИХ болон орон нутгийн сонгуульд бидний бодож байгаагүй үр дүн гарч бид ялагдлын гүн цохиолтод орж сэтгэл зүйн хувьд хямарсан хүнд цаг үе байсан. Ардчилсан нам бол тэмцэж сурсан. Бид өвдөг шороодсон ч босоод тэмцлээ үргэлжлүүлж чаддаг нам гэдгээ нотолж энэ богино хугацаанд намын шинэчлэлийг хийж чадлаа. Ардчилсан намын хоёр дахь давалгаа шинэчлэлийн үргэлжлэл болсон анхан болон дунд шатны намын бодлого удирдах бүрэлдэхүүнийг шинэчилсэн. Нийт удирдах бүрэлдэхүүний 80 орчим хувийг шинэчиллээ. Нийт 17800сонгуульт албан тушаалд 20 000 нэр дэвшигч өрсөлдөж богино хугацаанд намын шинэчлэлийг хийж чадсан” хэмээн хэлэв. Мөн тэрээр цааш нь “Өмнө нь Монголын улс төрийн намын түүхэнд хийж байгаагүй томоохон шинэчлэл хийлээ. Бид зөвхөн бүтэц зохион байгуулалтын хувьд шинэчлэл хийгээд зогсохгүй олон шинэчлэлийн зөвхөн суурийг тавьсан. Цаашдаа олон шинэчлэл хийх ёстой. Бидний өмнө олон сорилтууд хүлээж байгаа. Шинэчлэл эрч хүчээ авч илүү өргөн хүрээг хамрах ёстой. Бидний өмнө хүлээж байгаа олон сонгуульд бид ялагч байх ёстой. 2020 онд Монгол Улсын хөгжлийн бодлогыг тодорхойлж чаддаг улс төрийн хүчирхэг нам болж төлөвшсөн байх ёстой. Энэ бол Ардчилсан намын шинэчлэлийн үр дүн байх ёстой. Үүний төлөө та бид хамтдаа урагшилж тэмцэж зүтгэх ёстой” гэсэн юм.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Ардчилсан намын VI дугаар их хурлыг хуралдуулж Ардчилсан намын үндсэн дүрмэнд нэмэлт оруулж бүх гишүүнээрээ намын даргыг сонгодог шинэчлэлийг хийсэн. Уг шинэчлэлийн хүрээнд орон даяар 21 аймаг 9 дүүрэг 330 сум 152 хороонд нэг өдөр зэрэг сонгууль явуулж бүх гишүүнийхээ оролцоотойгоор Ардчилсан намын даргыг сонгосон.

Мөн үүний зэрэгцээ намын удирдах бүрэлдэхүүн төлөөлөллийн төв байгууллага болох Үндэсний зөвлөлдөх хороог Үндэсний бодлогын хороо болгож 228 төлөөлөгчийг 389 төлөөлөл болгон өөрчилсөн. Ингээд 389 төлөөллийн 120гаруй суудал дээр эмэгтэйчүүд сонгогдож 120 гаруй суудалд залуучуудын төлөөлөл сонгогдсон. Энэ бол Ардчилсан намын төлөөллийн төв байгууллага үндсэндээ бүрэн шинэчлэл хийснийг харуулж буй томоохон баримт юм.

Түүнчлэн хуралдааны үеэр Налайх дүүргийн Ардчилсан намын дарга М.Дашхүү “Бид санал өгөх эрх нь хасагдсан болон намын хуучин гишүүдийн судалгааг үүрийн дарга нартай хамтран хийлээ. Дараа дараагийн сонгуульд нэг санаа бодолтой оролцож ялалт байгуулна гэдэгт итгэж байна” гэдгээ хэлсэн. Хуралдааны дараа Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Налайх дүүргийн Ардчилсан намын дарга М.Дашхүү болон намын удирдлагууд намынхаа бодлого үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон намын зарим гишүүдийг “Эрх чөлөөний одон”, “Ардчиллын ахмад зүтгэлтэн”, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны дээд шагнал “Лиш одон” зэргээр тус тус шагналаа.

Ч.Мөнх-Эрдэнэ: Эрх баригч нам ард иргэдийг сөхрүүлж байна

/Налайх дүүргийн оршин суугч/

Би Ардчилсан намынхаа төлөө тууштай зүтгэнэ. Өнөөдрийн энэ амьдарч байгаа нийгмийг бид бүтээх гэж яаж зовж зүдэрлээ дээ. Үүнийг хүн бүр санах ёстой. Намын шинэчлэл хийгдэж гишүүдийнхээ оролцоотой нам болж байна. Эрх барьж байгаа намын бодлого үйл ажиллагаа монголчуудыг тэр дундаа бага болон дунд орлоготой иргэдийг сөхрүүлэх бодлого явуулж эхэллээ. Тухайлбал, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт өгнө гэсэн хэрнээ ялгавартайгаар өгөхөөр боллоо. Мөн татварын нэмэгдэл байна. Долдугаар сарын 1-нээс шатахууны татвар нэмэгдэнэ. Ингээд ирэхээр иргэд бүр л сөхөрнө. Бид энэ бүгдээс сургамж авч одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд зөв хүнээ сонгох хэрэгтэй байна.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …