Бри Ларсон: Энэ л миний кинонд татагдсан шалтгаан юм даа

Бри Ларсон: Энэ л миний кинонд татагдсан шалтгаан юм даа

“Оскар”-ын шагналт жүжигчин Бри Ларсоны “The Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна. 27 настай жүжигчин бүсгүй энэ жил “Өрөө” киноны гол дүрээр Шилдэг эмэгтэй гол дүрийн “Оскар” гардсан билээ. Мөн эдүгээ “Тэнгис” кино театрын дэлгэцнээ гарч буй “Kong: Skull Island” кинонд фото сурвалжлагчийн дүр бүтээсэн юм.

-“Өрөө” киногоороо Оскарын шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчний шагнал хүртсэн. Түүнээс хойш уран бүтээлчийн тань хувьд юу өөрчлөгдөв?

-Орчин тойрны хүмүүсийн намайг харах нүд өөрчлөгдсөн байж магадгүй. Гэхдээ хувь хүн талаас, жүжигчний хувьд өөрчлөгдсөн зүйл байхгүй. Урьдын адил дүрдээ хэрхэн орох вэ гэсэн асуудал тулгарсаар л байна. Энэ байдал одоо ч, өмнөхөөсөө өөрчлөгдөөгүй. Өөрчлөгдөөгүй нь ч болсон гэж бодож байгаа.

-Энэ удаа “Kong: Skull Island”  кинонд тоглох болсон шалтгаан?

-Кинонд өгүүлэх гол санаанд нь татагдсан. Яг “Кинг Конг” шиг баатарлаг адал явдалт кинонд тоглохыг дандаа л хүсдэг байлаа. “Kong: Skull Island” байгаль орчны асуудал, хүний хүчин зүйл, хайр дурлал, хүн төрөлхтөнд  юу хамгийн чухал болох, юуг хамгаалах шаардлагатай вэ гэдгийг ухааруулсан бүтээл болсон. Энэ л миний кинонд татагдсан шалтгаан юм даа.

-“Өрөө” кинонд ээжийн дүр, энэ кинонд фото сэтгүүлчийн дүрийг бүтээсэн. Дүрээ бүтээхэд олж авсан хамгийн чухал сургамж нь юу байсан бэ?

-Үнэнээрээ л байх  хамгийн чухал юм байна гэдгийг ойлгосон.  Энэ удаад тоглосон  Масон Вэйвер шиг, зөвхөн бодит үнэнийг олон нийтэд  хүргэхийн төлөө зургаа тасралтгүй авсаар л байдаг фото сэтгүүлч эмэгтэйчүүд амьдрал дээр маш олон бий. Тиймээс би боломжийнхоо хэрээр фото сэтгүүлчийн ажлыг судалж, тэдгээр бүсгүйчүүд хэрхэн ажиллаж, амьдардаг юм бэ гэдгийг харуулахыг хүссэн. Зураг авалт эхлэхийн өмнө дүрийнхээ талаар судалгаа хийх шаардлагатай болсон учраас хэдэн сарын хугацаатай амралт авч, судалгааны ажилдаа орсон.

-Австрали, Хавай, Вьетнам гэх мэт дэлхийн өнцөг булан бүрт зураг авсан. Зураг авалтын талбайгаас хамгийн их дурсамж үлдсэн үлдээсэн газрыг нэрлээч?

-Маш олон байгаа. Гэхдээ Австралид маш олон имжний хажууд зураг авсан. Өдөр бүр нар мандах үе буюу 04:00 цагт зураг авалт эхэлж, нар шингэхэд дуусдаг байлаа. Байгалийн үзэсгэлэнд хэдэн өдөр амьдарсан минь дурсамж болон үлдсэн. Өдөр бүр жаргаж буй нарыг тольдоход сэтгэл үнэхээр их хөдөлдөг юм билээ.

-Та өөрөө ч гэсэн энэ кино шиг адал явдалд дуртай л биз дээ?

-Дуртай. Ялангуяа аялалд явах дуртай. Кино зураг авалт дууссаны дараа байнга хаа нэгтээ аялалаар явдаг юм. “Кинг Конг” киноны зураг авалт дууссаны дараа Австралийн их шүрэн далангаар аялсан. Хадан хясаан дээрээс үсрэн хөгжилдөж, басхүү далайн өөр нэгэн ертөнцөөр үргэлжлүүлэн аялсан шүү.

-Хамгийн дуртай брэндээ нэрлээч гэвэл?

-RODARTE-д дуртай. Тэдний коллекц нь “Зельдагийн домог”-ын тоглоомыг санагдуулам загвартай байдаг. Гоёмсог, тансаг. Рок од Принстэй адил мэдрэмж төрүүлдэг.

-Аливаа стресс уур бухимдлаа хэрхэн тайлдаг вэ?

-Бясалгах юм уу, эсвэл видео тоглоом тоглодог. Одоо “The Legend of Zelda: Breath of the Wild” тоглоомыг тоглож байгаа.

-Өнөөдөр ч гэсэн биедээ авч яваа юу?

-Харамсалтай нь, өнөөдөр хараахан авчраагүй. Сүйт залуу минь жаахан уйдаж байгаа болохоор ми­ний оронд тоглож байгаа. /инээв/

-Ирээдүйн төлөвлөгөөгөө танилцуулаач?

-Төлөвлөсөн зүйл одоогоор алга байна.

Б.Даваа

Монголын мэдээ

Санал болгох мэдээ

УДЭТ-ын засвар дуусаж, 5-р сарын 1-нд “Анна Каренина” жүжгээр нээлтээ хийнэ

Монгол Улсын Засгийн газар түүх, соёл, өв уламжлалд чухал байр суурь эзэлдэг дурсгалт барилга байгууламжуудаа …