УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахараг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд хатагтай Наоми Китахара хэлэхдээ, манай байгууллага ялангуяа хүүхэд, нярай, эхийн эрүүл мэндийн чиглэлд түлхүү хүч тавьж ажилладаг. Иймд эхийн болон нярайн эрүүл мэндтэй холбоотой асуудлаар аливаа хууль, бодлого боловсруулах, түүнчлэн мөн энэ чиглэлээр төсвийн хуваарилалтыг нэмэгдүүлэх тал дээр та бүхэнтэй хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байна. Эх нярайн эндэгдлийг бууруулах тал дээр Монгол Улс ихээхэн амжилтад хүрсэнд баяр хүргэх нь зүйтэй . Гэхдээ цаашид энэ чиглэлийн үйлчилгээний чанарыг сайжруулах шаардлага их байна. Зарим бүс нутагт эх нярайн эндэгдэл өндөр байгаа хэвээр байгааг бууруулах нь зүйтэй юм. Бид Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнтэй уулзаж цаашид хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр улсын төсвөөс хуваарилж байгаа төсвийг нэмэгдүүлэх нь зүйтэй юм гэдэг дээр санал нэгдсэн. Цаашид танай байнгын хороо болон Төсвийн байнгын хороотой хамтарч эх нярайн эрүүл мэндийн асуудалд хүч тавьж хамтран ажиллах төлөвлөгөөтэй байна гэлээ.
Тус байнгын хороо НҮБ-ын Хүн амын сангийн өмнөх суурин төлөөлөгчтэй нягт уялдаатай ажиллаж ирсэн бөгөөд хатагтай Наоми Китахараг энэхүү үйл ажиллаааг үргэлжлүүлэн хамтран ажиллах болсонд баяртай байгаагаа З.Баянсэлэнгэ дарга илэрхийллээ.
Мөн тэрээр, өнөөдөр манай улсад эх нярайн эндэгдэл тоон хэмжээгээр нэлээдгүй буурсан үзүүлэлттэй байгаа ч алслагдсан бүс нутаг, ялангуя сум, багт энэ үзүүлэлт төдийлөн буурахгүй байгаа. Энэ нь анхаарал татсан асуудал ч эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн тогтолцоонд өөрчлөлт гаргах зайлшгүй шаардлагатай. Эрүүл мэндийн яам энэ асуудалд нухацтай хандаж энэ намраас тодорхой хуулийн төслүүдийг УИХ-д оруулж ирэхээр төлөвлөж байна. Мөн хүн амын бодлого боловсруулах хэрэгтэй байгаа төдийгүй энэ чиглэлээр эмэгтэй гишүүдээ түшиглэн ажлын хэсэг гаргаж ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаа. Хамгийн гол нь хуулийн төслийг боловсруулах, хэлэлцүүлэг хийхэд төсөв шаардлагатай байдаг. Түүнчлэн төрийн албан хаагчдын чадавхийг дээшлүүлэх, тэднийг сургалт, семинарт оролцуулах, туршлага судлуулахад анхаарч дэмжиж ажиллах нь чухал гэлээ.
Уулзалтаар НҮБ-ын Хүн амын сантай УИХ-ын НББСШУБХ, Төсвийн байнгын хороод ирэх оноос нийгмийн асуудлаар хамтран ажиллах төлөвлөгөө гаргаж ажиллах нь зүйтэй гэдэг дээр талууд санал нэгдлээ. Мөн парламентыг чадавхжуулах талаар ярихдаа зөвхөн шийдвэр гаргах түвшинд бус тэдний ард тал болсон төрийн албан хаагчдыг чадавхжуулах, тэдний мэдлэг чадварыг дээшлүүлэхэд анхаарал хандуулж, хоёр талын уулзалт ярилцлагыг тогтмолжуулан санал солилцож байх нь илүү үр дүнтэй болохыг хоёр тал чухалчиллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.