Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  өнөөдөр  БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар Бээжин хотноо зохион байгуулагдах “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцож, мөн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар БНХАУ-д айлчилна.

Айлчлалын үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхаж, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсад хөрөнгө оруулагч Хятадын томоохон компаниудын удирдлагатай уулзана. Хоёр улсын Ерөнхий сайд нар Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах арга хэмжээнд оролцоно.

“Бүс ба Зам” дээд түвшний чуулга уулзалтад 28 орны төр, засгийн тэргүүн нар болон НҮБ, Дэлхийн банк, ОУВС зэрэг олон улсын байгууллагын удирдлага уригдан оролцоно. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дээд түвшний дугуй ширээний уулзалтад оролцож, “Түншлэлийн төлөө бодлогоо уялдуулах нь”, “Хөгжлийн төлөө дэд бүтцийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь” сэдвээр хуралдаанд үг хэлнэ. Мөн тус чуулга уулзалтад оролцож буй зарим орны төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийхээр төлөвлөж байна.

Ерөнхий сайдын БНХАУ-д хийх айлчлал 2017 оны 5-р сарын 12-15 ны хооронд үргэлжилнэ.

Санал болгох мэдээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин өчигдөр (2024.04.29) Дэлхийн Эрүүл Мэндийн …