О.Баасанхүү: МАХН сонгуульд ялалт байгуулахгүй бол намын удирдлагуудтай хариуцлага тооцно

Зураг

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр Төрийн ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр мэдээллийн эхэнд, “Би МАХН-ын гишүүнчлэлээс гарах тухай асуудал бол онц анхаарал татах асуудал биш. Хэрэв би намаасаа гарвал МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийнхээ квотыг хадгалж үлдэнэ. Ер нь МАХН  Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох ёстой” хэмээв.

Түүний хувьд Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулууныг намаасаа нэр дэвшүүлэх сонирхолтой байжээ. Учир нь Л.Эрдэнэчулуун нь их өрийг тэглэсэн, гадаад бодлогоор мэргэшсэн, 5-6 гадаад хэлний мэдлэгтэй, 3 үеийн дипломатч хүн бөгөөд монголын Бан Ги Мүн гэхээр энэ хүнийг нам дэвшүүлэх ёстой байсан ч МАХН-ын зарим гишүүдээс түүнд дарамт үзүүлсэн тул нэрээ татсан. Мөн хуульч С.Нарангэрэлийг дэмжиж байсан ч барьцаа мөнгө шаардсанаас тэрээр нэрээ татсан гэсэн тайлбарыг О.Баасанхүү гишүүн хэлсэн.

МАХН нэр дэвшигчдээсээ 10 тэрбум төгрөг бэлнээр шаардсаны зэрэгцээ 3.5 тэрбум төгрөгийг өөрөө олж сонгуульд оролцоно гэсэн баталгаа гаргуулсан байна. Иймд О.Баасанхүү тус намаас нэр дэвшигч С.Ганбаатартай Бага чуулганы өмнө уулзаж намаас шаардаж буй барьцаа мөнгийг өгсөн эсэх, өгсөн бол санхүүжилт нь хаанаас эхтэй гэдгийг тодруулах хүсэлтэй байсан ч С.Ганбаатартай уулзаж чадаагүй байна.

Үүний зэрэгцээ түүнийг МАН, АН-аас их хэмжээний мөнгө авсан тухай ярьж байгаа ярианд няцаалт өгсөн. Ингэхдээ, “Хэрэв хэн нэгэн улс төрч надад мөнгө өгсөн тухай баримт олж ирвэл би УИХ-ын гишүүний албан тушаалаасаа бууна, тэрхүү баримтыг гаргаж ирсэн хүнд эх мөнгийг 10 дахин үржүүлж өгнө, хууль хяналтын байгууллагад өөрийн биеэр очно.

Хэрэв МАХН энэ удаагийн сонгуульд ялалт байгуулахгүй бол намын удирдлагуудтай хариуцлага тооцно” хэмээн мэдэгдэв.

Эх сурвалж: montsame.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …