Хүүхдэд ямар нэр өгвөл зохих вэ: Хамгийн харгис нэр бол Үүрийнцолмон

Хүүхдэдээ ямар нэр өгөх вэ гэсэн асуулт надад байнга ирдэг. Сая ч бас ирж байна.Тиймээс дээхнэ үед бичиж байсан нэгэн тэмдэглэлээ оруулав. Бүрэн санаа нийлэхгүй байх нь таны эрх. Тиймээс буурал ламтны дамжуулсан үгсийг буулгасны төлөө намайг бүү зэмлээрэй…

Хамгийн харгис нэр бол Үүрийнцолмон

Одоогоос хэдэн жилийн өмнө нэгэн мундаг лам өвгөнтэй “найзладаг” байлаа. Дээхнэ үед “Хормойн дон гэгч юу болох тухай” нэг бичлэг дээрээ тэр өвөөгийн яриаг оруулж байсан даа? Лам өвөө маань орчлон ертөнцийн гайхамшгийн тухай олон сонин зүйлийг их ч ярьж өгсөн дөө. Ихэнхийг нь тархиндаа хадгалж үлдсэн ч олон чухал сануулгыг мартаж орхижээ. Хайхрамжгүй, залуу цагийн алдаа.

Заа тэр ч яахав. Хүний нэр лүүгээ эргээд оръё. Өвөөгийн хэлэх нь хүний нэр гэдэг хувь тавилантай салшгүй холбоотой чухал зүйл байдаг гэсэн.Үүний учир нь би өөрийнхөө хоёр хүүхдийн нэрний учрыг асууснаас эхлэсэн юм. Хоёр хүүхдийн минь нэрийг сонсоод өвөө намайг ихэд зэмлэж билээ. “Хүний хараа булааж, тэр дор нь тасдаж хайчлаад авчихдаг богино наст цэцгийн нэрийг хүүхэддээ өгдөг чинь яаж байгаа юм бэ? Яасан харгис улс вэ?” гэж бухимдав. Охиндоо өгсөн нэрийг тэр цагаас хойш бид цээрлэж, өмнө нь Мөнх гэсэн залгавар залгаж дууддаг болсон юм. Харин хүүдээ өгсөн нэрийг дуулаад өвөө дахиад л унтууцав.

-Орчлон ертөнц дээр төгс төгөлдөр зүйл байдаг уу, чи хэл дээ?

-Орчлон ертөнц өөрөө төгс юм болов уу?

-Орчлон ертөнцийг төгс төгөлдөр гэдгийг хэн чамд батлаад өгсөн юм бэ?

-Хэн ч биш.

-Тэгвэл чи сонсож бай. Төгөлдөр гэдэг нэртэй улс насныхаа ихэнхийг учраа олохгүй уймарсаар өнгөрүүлчих гээд байдаг талтай. Их л засвар, их л тэвчээр зааж байж ийм нэртэй улсыг чиглүүлж өгөх хэрэгтэй болно. Өөрийн хувь тавилангаар биш, хүний зааснаар амьдарна. Тэгж явах сайхан байна уу?

-Муухай байна.

-Тэгвэл наад хүүхдийнхээ нэрийг соль. Төгс төгөлдөр гэдэг ухагдахуун чинь цаанаа бол оргүй хоосон гэсэн үг. Тиймээс учраа олохгүй эргэлдээд байх тийм хатуу тавиланг үр хүүхэддээ битгий оноож өгч бай. Энэ ярианы дараа хүүгийн нэр солигдов. Мэдээж, баримтан дээр тэр хэвээрээ үлдсэн ч гэр дотроо өөрөөр цээрлэн дуудах шаардлагатай болсон юм. Миний хувьд тийм ч их сүсэг бишрэлтэй хүн биш л дээ. Гэхдээ аливаа юмны учир зүйн тухай ойлголтыг амьдралтай маань хослуулаад сайхан тайлбарлаад өгвөл байнга санаад яваад байдаг талтай. Тиймээс өвөөгийн зарим нэг тайлбарыг дор хавсаргав.

Аливаа нэрийг хүнд олж хайрлахдаа хувь хишгийг нь бас дагуулж өгч байх хэрэгтэй. Жишээ нь хүн гэдэг амьтан төрөхдөө л өөрийнхөө хүнс хоолны савыг, доторх зүйлтэй нь авч ирдэг учраас тухайн төрж байгаа жил, сар, ордынх нь нөлөөг давхар бодолцож байх хэрэгтэй байдаг. Жишээ нь Дүүрэн нэртэй хүмүүс байдаг. Юуг дүүргэж байгаа нь тодорхойгүй дангаар нь Дүүрэн гээд нэрлэчихвэл зовлонгийн сав ч дүүрч болох. Тиймээс Дүүрэнбаяр гэж тодотгож болно. Дэлгэр хэмээх нэрийг ч бас тэр утгаар нь хэрэглэж болно. Хамгийн санууштай нэг зүйл бол эцэг эхийн нэрийг тасдаж өгөхийг эртнээс цээрлэж ирсэн. Манайхан дөнгөж гэрлээд л хүүхэдтэй болуутаа хоёр нэрээ дундуур нь хуваагаад хүүхдэдээ өгчихдөг. Энэ нь эх эцгийнхээ тавилан заяаг тасдаж аваад, өр шир, зовлон шаналал юу байдаг тэр бүхнийг нь өөртөө хувааж авахыг нь заагаад өгчихөж байгаа юм. Тиймээс өвгөдийн нэрийг өөртөө нааж, эх эцгийн нэрийг тасдаж авдаггүй жамтай.Хамгийн харгис нэр бол Үүрийнцолмон, Алтангадас. Хүүхдээ үзэгдээд өнгөрөх од шиг бай гэсэн санааг хэн ч агуулахгүй нь мэдээж.

Биднийг багад /өвөө л яриад байгаа хэрэг шүү дээ/ Үүрцайх, Үүрийнцолмон, Огторгуй гэх мэт хийсвэр нэр ихэд моод болж байлаа. Гэвч одоо эргээд санахад Үүрээ эмээ, Огторгуй өвөө гэж нэг ч дуулддаггүй. Тэр нь үзэгдээд өнгөрөх од шиг богинохон наслаад л дуусчихсаныг харуулж байгаа хэрэг. Бас цэцэг, навчны нэрийг өгөхдөө тун сайн бодох хэрэгтэй. Цэцэг хэд насладаг билээ? Бас ямар утга агуулга бүхий нэрстэй байдаг билээ гэдгийг санаж явах нь чухал. Их гоё чамин нэр бодож олохоосоо урьдаар тавилан заяаг нь их алсаас харж, үр хүүхдээ нэрлэж байх нь чухал. Алтансүх нэртэй хүмүүс ихэнхдээ гэмт хэргийн ертөнц рүү орчих гээд байдаг талтай. Алтаар хийсэн сүх өөрөө ямар билээ? Юм хагалж, нугалж чадах уу? Хуурамч гоёос цаашгүй. Тиймээс гүйцэтгэх үүрэг нь хөнгөн хуумгай болон өөрчлөгддөг. Бас хүнд огт өгч болохгүй нэр бол Хувь, Заяа, Тавилан гэсэн нэрнүүд байдаг. Тийм нэрнээс аль болох татгалз.

Хүнд өөрт нь оногдоод төрчихдөг тэдгээр савыг илүү гаргаж дөвийлгөх хэрэггүй. Хувь гэдэг чинь багахан, цөөхөн гэсэн утгатай. Заяа гээд ирэхээрээ цаанаас нь тавиад өгчихсөн, өөртөө эзэн болдоггүй гэсэн санааг агуулчихаж байгаа юм. Тавилан ч ялгаагүй тавиад, заагаад өгчихсөн гэсэн утга. Тиймээс хувь тавиландаа эзэн болох учир шалтгаан ийм нэртэй хүмүүст олддоггүй. Азжаргал гэдэг ч онцгүй нэр. Тийм хүмүүсийг аз түшдэггүй. Учир нь харын хүч нэрэнд нь болоод тохиох учиртай аз, хишгийг нь түрүүлж булааж авчихаад байдаг гэж ойлгож болно. Нэгэнт билэгдэл ярьж байгаа учраас билэгдлийнхээ түлхүүрийг зөв ухаалаг тайлах талаар чи залуустаа давхар дуулгаж байгаарай. Дэлгэрэх, Арвижих гэдэг нэрийг хүүхдэдээ өгөх гэж байгаа бол чухам юуг нь дэлгэрүүлэх гээд байгаагаа тодруулж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол төөрнө.

Нэгэнт өгсөн нэрийг тасдаж битгий дуудаж бай. Хүний эдлэх ёстой буян нь хуваагдана. Аль болохоор тасалж дууддаггүй нэр одоо үедээ зохино. Худлаа чамирхаж нэрээ хагасалж дуудаж байснаас бүрмөсөн цээрлээд өөр нэг өгчихсөн нь бараг дээр. Одоо уран бүтээлчид өөрсөддөө нэр өгөөд байгаа даа? Тэрүүн шиг…

Буяныг бол дэлгэрүүлж болж байна. Насыг бас арвижуулж болж байна. Буяндэлгэр, Насан-Арвижих гэх мэт. Бас эртний баатруудын нэрийг хүүхдэдээ өгөхийг өвгөд их цээрлэдэг байсныг мартаж болохгүй. Эцэг, эхийн нэрийг хувааж өгдөггүй юм. Бас л үлдээгээд одсон үйлийн үрийг нь үр хүүхэд нь үүрээд үлддэг учиртай. Өвгөдийн ясыг өндөлзүүлнэ гэдэг. Бас нэр нь хүндэднэ ч гэдэг. Энэ мэт өвөөгийн ярьсан хэлсэн олон зүйл амьдралд маань чухал мэдлэг болон үлдсэн билээ. Санаа нийлэхгүй ч байж болно. Гэхдээ санаж явахад илүүдэхгүй биз ээ.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …