Монголын “Ocкар” буюу “Cinema Awards”-ийн ёслолын үйл ажиллагаа өнгөрсөн баасан гаригт Корпорейт Конвеншн Центрт болж, шилдгүүддээ тодрууллаа. Тус кино наадамд урлаг соёл, улс төр, бизнесийн салбарын нэр хүндтэй хүмүүс наадамд оролцож шагнал гардуулах хүндтэй үүргийг хүлээсэн билээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Н.Амарзаяа, Ж.Энхбаяр, хөгжмийн зохиолч, продюсер Б.Долгион, яруу найрагч Ц.Хулан, Дэлхийн мисс 2016 оны шилдэг 11-р шалгарсан мисс А.Баярцэцэг, Топ мисс Х.Бадамгэрэл, Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Төрийн шагналт, ардын жvжигчин Л.Цогзолмаа, Поп дива Б.Сарантуяа, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н. Сувд гэх мэт олны танил эрхмүүд шилдэгийн шилдэгээр тодорсон хүмүүст шагнал гардуулсан юм.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан шилдэг хөгжмийн зохиолч тодруулах үеэр “Урлаг бол бидний хамтын бүтээл. Би энд гарч ирэхээсээ өмнө өөрөөсөө гайхалтай үнэт зүйлийнхээ төлөө бид монголын улс төрчид юу хийж чадаж байна вэ. Хангалттай хийж чадаж байна уу гэж би асуусан. Өнөөдрийг хүртэл хангалттай биш байгаа. Монголын кино урлаг зах зээлийнхээ жамаар өнөөдрийг хүртэл өссөн. Цаашид Монголын төр кино урлагтаа хөрөнгө оруулалт хийх цаг болсон гэж би харж байгаа. Монголын кино урлаг дэлхийн түвшинд гарах цаг ирсэн гэж боддог. Төрийн бодлогыг үүнд чиглүүлэх болно гэдгээ та бүхэндээ хэлье” гэж хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан шагнал гардуулах явцад сэтгэлийн хөдлөлөөр дараах үгсийг хэлчихээгүй байх гэж найдаж байна. Олон ч жил төрийн бодлогыг кино урлаг руу хандуулна гэж төрийн түшээд ярьж байна. Тэдгээрийн нэг нь Ж.Батзандан боллоо. Яриа ажил хэрэг болвол Монголын кино урлагт төрийн бодлого чиглэж, дэлхийд хөл тавих үндэс суурь эхэлнэ. Тэр цаг үе хол байна уу, ойр байна уу?
Г.Нараа