Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй боловсролын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа

Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, тэргүүлэгч, төлөөлөгчид 2017 оны 05-р сарын 03-ны өдрөөс 2017 оны 06-р сарын 28-ны өдрийг дуустал Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэрийн биелэлтийг хангах, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулан Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, нутаг дэвсгэрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, шалгах, шаардлага тавьж биелэлтийг хангуулах зорилгоор Налайх дүүргийн 58 аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаатай танилцах ажлыг зохион байгуулж байна.

Уг ажлын хүрээнд өчигдөр  ИТХ-ын дарга Б.Нэргүй, тэргүүлэгч К.Сейтхан, төлөөлөгч Э.Хорлоо, Д.Мөнхбөяр, Г.Баярсүрэн, О.Энхтайван нар Чандмань цогцолбор сургууль, 153-р цэцэрлэг, 151-р цэцэрлэг, Монгол Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, тэдний ололт амжилт, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх ажил үйлчилгээ, болон багш, сурган хүмүүжүүлэгчдийн санал сэтгэгдлийг сонслоо.

1.Чандмань цогцолбор сургууль нь 2016-2017 оны хичээлийн жилд 33 багш, 15 ажилтан, 4 удирдах ажилтны бүрэлдэхүүнтэй боловсролын үйлчилгээг үзүүлж байна. Азийн хөгжлийн банкны 3000 ам.долларын тэтгэлэгт төслөөр “Уламжлалаа дээдэлсэн оюуны өргөө” ёс заншлын танхим нээснээр сурагчдад уламжлалт ёс заншлаас суралцах, танин мэдэх сургалтуудыг зохион байгуулж байна.


Мөн дүүргийн Боловсролын хэлтсийн санаачилгаар, Good Neighbors олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж буй шатар хөтөлбөрийн “Нэг хүүхэд-Нэг нүүдэл” төсөл амжилттай хэрэгжиж, анги бүрт соронзон шатрыг байрлуулж, хүүхдүүдийн оюун ухааныг хөгжүүлж байна.

Чандмань цогцолбор сургууль нь биеийн тамирын спорт заалгүй олон жил болж байгаа бөгөөд багш, сурагчид сургуульдаа спорт заалтай болох чин хүсэлтэй байгаагаа төлөөлөгчдөд танилцууллаа.Налайх дүүргийн 153-р цэцэрлэг нь 5-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг. Цэцэрлэгийн барилга 1967 онд баригдаж, 1990 оноос цэцэрлэгийн зориулалтаар ашиглаж, 2010 онд бүтцийн өөрчлөлт хийж, 153-р цэцэрлэг болсноор 3 бүлгийн 75 хүүхдийн орон тоотой, 15 багш ажилтантай хүүхдийн сурч хөгжих таатай орчинг бүрдүүлэн, бага насны хүүхдийн хөгжил, төлөвшил, бие бялдар, оюун ухаан, нийгэмшүүлэх ажлыг хийж байна. Мөн 2014 онд салбар цэцэрлэгээ нээж, 6 бүлэг, 33 багш ажилтантай үйл ажиллагаа явуулж, хамран сургах тойргийн хүүхдүүдийн 98,6%-ийг цэцэрлэгт хамруулаад байна.

153-р цэцэрлэгийн бохир усны соруулдаг цооногтой ариун цэврийн байгууламжийг төвийн шугамд холбох, цэцэрлэгийн А,Б байрыг холбосон явган хүний зам тавих, Б байрны дулаалгын асуудлыг шийдэхэд тусламж, дэмжлэг хэрэгтэй байгаагаа төлөөлөгчдөд уламжилсан юм.
3.Налайх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 151-р цэцэрлэг нь 1988 онд байгуулагдаж, 30 ажилтан, 180 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай үйл ажиллагаагаа явуулж, 800 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг олгоод байна. Жил бүр 7 бүлэгт 290-320 хүүхдийг хүлээн авч хөгжүүлж байна.
Уг цэцэрлэг нь “Эко ногоон цэцэрлэг” болох зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд хүүхдэд ээлтэй бүтээлч ажил хийхэд дүүргийн удирдлагууд тусламж, дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна гэлээ. Мөн тус хорооны хүүхдүүдэд цэцэрлэгийн хүртээмж муу тул ачаалал жил бүр их байдаг байна.

4.Монгол Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь 2013 онд байгуулагдан, 2014 онд Налайх дахь шинэ салбараа нээн, бакалаврын хөтөлбөрөө эхлүүлсэн.

Герман улсын сургалтын стандартад суурилсан техникийн болон инженерийн шинжлэх ухааны сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг:
-Уул уурхайн боловсруулах инженерийн бакалаврын хөтөлбөр,
-Механик инженерийн бакалаврын хөтөлбөр,
-Хүрээлэн буй орчны инженерийн бакалаврын хөтөлбөр,
-Инженерийн бэлтгэл хөтөлбөр /бакалаврын нэг жилийн бэлтгэл/
-Үйлдвэрийн эдийн засагч инженерийн бакалавр,
-Байгалийн нөөц, хүрээлэн буй орчны олон улсын менежментийн магистр
2016-2017 оны хичээлийн жилд 84 оюутан суралцаж байгаа бөгөөд үүнээс 3 оюутан нь Налайх дүүргийн харьяат оюутан байна. Одоогийн байдлаар байгалийн болон инженерийн шинжлэх ухааны Англи, Герман хэлний нийт 22 багш ажилчид үйл ажиллагаа явуулж байна. Сурагчдад бүх хичээлийг Англи хэл дээр заадаг ньтус сургуулийн нэг давуу тал болдог байна.
Монгол Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь Монголын хамгийн анхны хотхонтой их сургууль бөгөөд номын сан нь 5600 орчим номтой, хими, физик, боловсруулалт, материал судлалын лабораторитой,  120-160 оюутны багтаамжтай дотуур байртай их сургууль юм.

Цаашид сургуулийн захиргаанаас тус сургуульд элсэхийг хүссэн сурагчид, тэдний эцэг эхэд зориулан, хороо бүрт нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулан, мэдээлэл хүргэхээр төлөвлөөд байна. Үүнээс гадна сургуулийн өргөтгөлийг хийж, шинээр ажлын байрыг нэмэгдүүлэх, спорт заал барих зэрэг ажлыг хийхээр зорьж байна.

Мөн Налайх дүүргийн 5-р хорооны хөгжлийн зөвлөлийн санаачилгаар зэвсэгт хүчний 350-р цэргийн анги хүүхдийн тоглоомын талбай байгуулж, 5-р хорооны ажлын алба хорооны байрны гадна мод тарин тохижилтын ажлыг хийж бусад албан байгууллагуудыг хорооныхоо хөгжил цэцэгжилтэд идэвхтэй оролцохыг уриалж байна.Дүүргийн хөгжил дэвшил, хүүхдүүдийн боловсролыг сайжруулахын төлөө хүчин чармайлт гарган, амжилттай ажиллаж буй дээрх байгууллагуудад дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид амжилт хүсэн, цаашид илүү уялдаа холбоотой ажиллах, санал хүсэлтийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, холбогдох эрх бүхий дээд шатны байгууллагуудад хүсэлт тавьж, шийдвэрлүүлэх арга хэмжээ авч ажиллахаа илэрхийлсэн юм.

НДИТХ

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …