
-Монголын дипломат албанд шившигт явдал боллоо-
Гадаад хэргийн сайд асан, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнг өчигдөр орой УИХ-аас Швейцарьт суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томиллоо.
Хуулиараа Элчин сайд нарын нэрийг Ерөнхийлөгч УИХ-д өргөн мэдүүлж, УИХ-аас тэднийг батлах, эс батлахыг шийддэг. УИХ-д 65 суудалтай МАН-ын бүлэг ямар ч шийдвэрийг батлаад гаргах хэмжээний тийм хүчтэй бөгөөд МАН-ын удирдлагатай тохиролцсон нөхцөлд Ерөнхийлөгч хэний ч нэрийг дэвшүүлсэн, түүнийгээ батлуулж чадах юм. Тэгвэл Монгол Улсын түүхэн дэх хамгийн муу Элчин сайдаар нэрлэгддэг Л.Пүрэвсүрэнг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Швейцарьт суух Элчин сайдаар томилууллаа. Ингэж Монгол Улсын гадаад нэр хүнд нэг хүний хүслээс дор болох нь харагдлаа. Холбооны бүгд найрамдах Герман Улсад Монгол Улсыг төлөөлж Элчин сайдаар ажиллаж байхдаа Л.Пүрэвсүрэн тамхины наймаа хийж, Европын орнуудад Монголын дипломатчид зах замбараагүй тамхины бизнес хийх эхлэлийг тавьж байсан юм. Герман Улс Л.Пүрэвсүрэнгийн тамхины наймааг илрүүлж, түүнд хар тамга дарж, “persona non grata” хэмээх дипломат ёсон дахь маш хүнд шийтгэлийг ногдуулж, Герман төдийгүй Европын холбоонд нэвтрэх эрхийг нь хязгаарлаж байсан аж.
Тэгж Герман Улсад Монголын гадаад нэр хүндийг шалд нь хүртэл буулгаж, тус улсаас хөөгдсөн Л.Пүрэвсүрэнг дахин Элчин сайд болгож Швейцарь уруу явуулах гэж байгааг МАН-ын зарим гишүүд эсэргүүцсэн. Гэсэн ч дээд удирдлага болон Ерөнхийлөгчийн хооронд тохироо хийгдсэн учир яах ч аргагүй томилогдлоо. Өчигдөр орой УИХ-аас Швейцарь, АНУ, Герман, Франц, Япон, Канад гэсэн зургаан оронд шинээр суух Элчин сайдуудыг баталсан. Эндээс харахад шинээр томилогдсон зургаан Элчин сайд гурав гурваараа Ерөнхийлөгч болон МАН-ын хүмүүс байна.
Тухайлбал, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, Гадаад бодлогын зөвлөх А.Баттөр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Д.Ганбат гэсэн Ерөнхийлөгчийн хүмүүс байгаа бол үлдсэн гурав буюу Гадаад харилцааны дэд сайд асан Г.Тэнгэр, БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх Н.Чимгүүндарь нь МАН-ын хүмүүс юм.
Товчхондоо, Ерөнхийлөгч, МАН хоёр тохиролцож өөр өөрсдийн хүмүүсийг оруулж ирэн батлууллаа. Ерөнхийлөгчийн зүгээс МАН-ын гурван хүнийг УИХ-д өргөн мэдүүлснийхээ хариуд өөрийн гурван хүнийг МАН-аар батлуулж чадлаа. Эндээс МАН, АН ямар ч ялгаагүй, МАНАН-гийн тогтолцоо, шийдвэрүүд тохиролцооны зарчмаар гардаг нь харагдаж байна.
Яагаав ард түмний өмнө ичгүүр сонжуургүйгээр муудалцаж, нэг нэгнээ муулж, бие биедээ тулдаг мань хоёр нам хэрэгтэй үедээ нэг нэгэнтэйгээ нэгдэж, бие биенийхээ хүслийг хангадаг байх нь. Нөгөө мөнхийн дайсан гэж байхгүй, гагцхүү мөнхийн эрх ашиг л гэж байдаг гэдэг үг энд хэрэгжиж байна. Үнэндээ өнөөдөр Монгол Улсад Элчин сайдын албан тушаал шагналын албан тушаал болчихоод байна. Цаг хугацааг нь хөөгөөд үзвэл өмнөх гурван Ерөнхийлөгчийн үед Элчин сайдын томилгоо арай ч иймдээ тулаагүй. Гэтэл 2009 оноос хойш Элчин сайдуудад өөрийн үнэнч туслах, шадар цэрэг, тойрон хүрээлэгчдээ томилдог байдал хэрээс хэтэрлээ.
Нөгөө мэргэжлийн ёс зүй, чадвар чадамж, эх орноо бодсон сэтгэл энд огтхон ч хамаагүй, хэнийг хаана томилох уу, өөрт хэрэгтэй улсад өөрийн хүнээ томилно гэсэн сонирхол үйлчилдэг. Мөн тэр улс Ерөнхийлөгчийнх, тэр улс эрх баригчдынх гэсэн жишиг тогтлоо. Өнгөрсөн хугацааны үйл явдлуудаас дүгнэхэд Ерөнхийлөгч гоё сайхан улсуудыг нь авч, тэдгээрээ үүцээ задалж буй аав, авдраас чихэр гарган ирж хүүхдүүддээ тараан өгч буй эмээ шиг өөрт нь хэр сайн ажилласнаас нь шалтгаалж хэнд хэрхэн хувь хүртээхээ шийдэж байгаа бол эрх баригчид гол төлөв улс оронд эдийн засгийн өгөөжтэй улсуудыг нь авч, өөрсдийн хүмүүсийг Элчин сайдаар томилуулж байна.
Үйл явдлуудыг эргэн сануулахад:
-Монголд хамгийн их зээл тусламж үзүүлдэг Японыг Ерөнхийлөгч, МАН хоёр нэлээд булаалдсаны эцэст МАН авлаа.
-УИХ-д дахин сонгогдож чадаагүй З.Алтайг Ерөнхийлөгч “өөрийн эзэмшил” Шведэд Элчингээр томилуулсан бөгөөд өдгөө З.Алтайгийн халааг М.Энхсайханд өгөөд буй. Шведийн вант улсын Элчин сайд хэмээх тун боломжийн албан тушаал Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүмүүсийг өөртөө урвуулдаг чухал үүц гэлтэй.
-М.Энхсайханаас гадна өнгөрсөн томилгоогоор Ц.Элбэгдорж өөрийн хүн Д.Ганхуягийг Хятадад Элчингээр томилуулсан бол МАН Америк уруу гарсан С.Баярыг Их Британид Элчингээр томилуулж чадсан.
Асуудал тодорхой, би чиний хүмүүсийг оруулбал чи миний хүмүүсийг дэмж. Нэг иймэрхүү л зүйл болоод байна даа.
Төгс

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл