Өмнөговь аймагт өчигдөр могойд хатгуулсан нэгэн эмэгтэй амиа алджээ. Түүнийг эмнэлэгт хүргэсэн ч эмчилгээ хийх явцад амиа алдсан аж.
Өмнөговь аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвийн хүлээн авах тасагт Мандал-Овоо сумын харьят 28 настай эмэгтэй О нь могойд хатгуулсан гэж ирээд нас барлаа гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад өгсний дагуу цагдаагийн алба хаагчид шалгаж байгаа байна.
Мөн Архангай аймгийн Жаргалант сумын Эрдэнэ-Уул баг Гялгарын хясаа гэх газар тус сумын харьяат дөрвөн настай эмэгтэй Л голын усанд унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид шалгаж байна. Урин дулааны улирал эхэлсэн энэ өдрүүдэд гол усны аюулаас сэрэмжилж, бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр гол усанд оруулахгүй байх, хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.