-ЦЕГ-аас Н.Жадамбаагийн буруутай эсэх талаар ямар ч тайлбар гаргаагүйг онцлон анхааруулъя. Мөн тус компанийн хяналтын камерыг шалгасан ба үр дүнд нь сэжигтнийг буруугүйг баталсан тухай нэг ч үг өгүүлбэр байгаагүй. Тиймээс нөхөр Г.Ганбаганын гарын үсэгтэй энэ баримтыг гуйвуулсан, хуулийн нэрийг ашигласан, цагдаагийн байгууллага, цагдаагийн офицерийн нэр төрд халдсан агуулга орсон гэхэд буруудахгүй-
Зургаадугаар сар эхлэхтэй зэрэгцэн 22-хон настай бүсгүй “Сохо мебель”-ийн захирал Н.Жадамбаагийн бэлгийн дарамтаас болж амиа хорлосон, эсвэл үүнээс болж бусдад хорлогдсон байж болзошгүй хэрэг гарсан. Энэ бол зайлшгүй анхаарч, үнэн мөнийг нь олонд нээлттэй зарлах ёстой асуудал. Хүний эрхийг дээдлэгч ардчилсан улсад мөнгөний үнэрээр булхайг дарж, буруутанг тавьж явуулах ёсгүй.
Н.Жадамбаа оргон зугтаав уу
Үүнийг бичихийн учир нь, эл хэргийн буруутан байх магадлалтай Н.Жадамбаа гэгч этгээд хил даван зугатсан байж болзошгүй гэх мэдээлэл гадуур тархав. Түүнээс энэ хэргийн тухай асууж тодруулахаар 9911…. дугаар руу залгахад эхэндээ утсаа авахгүй, холбогдох боломжгүй гэх хариу өгч байсан. Харин өнөөдрөөс уг дугаарын роуминг буюу гадаадад ярих, мэссэж бичих эрхийг нээжээ.
Тиймээс “Сохо мебель”-ийн захирал Н.Жадамбааг уг хэргээс болж гадаад руу оргон зайлсан гэх хардлага нийтийн дунд үүссэн юм. Цагдаагийн байгууллагаас үүнийг одоогоор тодорхойлон мэдэгдэх боломжгүй ба хэргийг хянан шалгах шатанд явж байгаа гэсэн.
Мөн үүнтэй зэрэгцэн “Сохо мебель”-ийн Ерөнхий менежер Г.Ганбаганын гарын үсэг бүхий, тамга тэмдэггүй нэгэн мэдэгдэл цахим орчинд тархсан байв. Мэдэгдлийн ерөнхий утга нь гадуур тархсан “ташаа” мэдээллийн бодит залруулга ажээ.
Үүнд “Талийгаач охин У нь манай байгууллагад ажиллаж байгаад 5-р сарын 31-ны өдөр өргөдлөө өгч ажлаас гарсан. Улмаар 6-р сарын 5-ны өдөр ХУД-ийн цагдаад “Захиралдаа зодуулсан” гэсэн гомдол гаргасан. Уг гомдлын дагуу цагдаагийн байгууллагаас тус дэлгүүрийн хяналтын камерийн бичлэгийг шалгаж үзэхэд “Зодоогүй” болох нь нотлогдсон. Улсын дээд шүүхэд туслахаар ажилладаг гэсэн танилцуулсан ах нь хүн гүтгэсэн худал зүйлийг шалгуулахаар өөрийг нь дагуулан ХУД-ийн цагдаагийн газарт очиж Дэд даргаас эхлэн албан тушаалтангуудад энэ хэргийг шалгахгүй нуун дарагдууллаа гэж худал зүйлийг шалгуулах гэж асуудал тавьж, мөн цагдаагийн албан хаагчдыг дотоод хяналтад шалгуулна гэж сүрдүүлэг хийсэн. Улсын дээд шүүхийн туслахаар ажилладаг САНЖСҮРЭНГИЙН ЗОЛБОО-гийн /Утас: 97095606/ энэхүү үйлдэлд харамсаж байна. Мөн цагдаагийн байгууллагын ажилтнуудыг гүтгэсэн байна. Энэ нь Цагдаагийн хэвлэл мэдээллийн албаны офицерийн мэдэгдлээр нотлогдож байна. Түүнчлэн санаатайгаар худал мэдээлэл цацаж, хүнийг гэмт хэрэгт гүтгэж байгаа энэхүү үйлдэлд нь хуулийн хариуцлага хүлээлгэх болно” гэж бичээд Г.Ганбагана гэх хүн гарын үсгээ зуржээ.
“Сохо мебель” компанийн зүгээс хуулийг даван тайлбар мэдэгдэл хийж, олон нийтийг төөрөгдүүлсэн үйлдэл гаргалаа.
Энд нэгэн зүйл маш тодорхой харагдаж байна. Тодруулбал, уг мэдэгдэл тэр чигээрээ Монгол Улсын хуулийг давсан, хуулийг хүчгүйдүүлсэн, хуулийн нэрийг барьсан шинжтэй болжээ.
Нэгдүгээрт, талийгаач бүсгүй ажлаасаа гарсан гэдгийг хэн ч тогтоогоогүй. Ямар учраас, юунаас болж талийгаач бүсгүй ажлаас гарахаар өргөдөл бичив. Тэр өргөдөл одоо бий юу. Хэрвээ байгаа бол өргөдлийг талийгаач Ж бичсэнийг шүүхийн шинжилгээгээр нотлоогүй байгаа. Тиймээс энэ бол өөрөө гүтгэлгийн шинжтэй мэдэгдэл.
Хоёрдугаарт, Ж бүсгүй зургаадугаар сарын 5-ны өдөр амиа алдсан. Энэ өдөр түүний хаана, юу хийж байсныг гэрчлэх маш олон бодит баримт, гэрч бий. Гэтэл “Сохо мебель”-ийн зүгээс охины амиа алдсан өдрийг андуурсан уу, эсвэл зориудаар төөрөгдөл үүсгэх гэсэн үү яаран сандран, асар том зөрчил бүхий мэдэгдэл гаргасан гэсэн үг.
Гуравдугаарт, ЦЕГ-аас уг хэргийн талаар мэдэгдэл хийхдээ Н.Жадамбаагийн буруутай болон буруугүйн талаар ямар ч тайлбар гаргаагүйг онцлон анхааруулъя. Мөн тус компанийн хяналтын камерийг шалгасан ба үр дүнд нь сэжигтнийг буруугүйг баталсан тухай нэг ч үг өгүүлбэр байгаагүй. Тиймээс нөхөр Г.Ганбаганын гарын үсэгтэй энэ бичигт баримтыг гуйвуулсан, хуулийн нэрийг ашигласан, цагдаагийн байгууллага, цагдаагийн офицерийн нэр төрд халдсан агуулга орсон гэхэд буруудахгүй.
Дөрөвдүгээрт, талийгаач бүсгүйн ах гэгдээд буюу С.Золбоо нь албан тушаалаа урвуулан ашиглаж, хэн нэг цагдаагийн ажилтныг дарамталсан тухай өнөөдрийг хүртэл нэг ч мэдээлэл гараагүй. ХУД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс ч үүнтэй холбоотойгоор мэдэгдэл хийгээгүй. Тэгэхээр “Сохо мебель” компанийн зүгээс хуулийг даван тайлбар мэдэгдэл хийж, олон нийтийг төөрөгдүүлсэн үйлдэл гаргажээ.
Тавдугаарт, талийгаач бүсгүйн гэр бүлийнхнийг бусдын нэр төрд халдсан тул хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдгийг “ёслол төгөлдөр”-өөр айлгаж, уг мэдэгдлээ дуусгасан байх юм. Г.Ганбаганаас нэгэн зүйлийг асууя. Энэхүү мэдэгдэлд дурдсан бүхнийг цагдаагийн байгууллага шалган тогтоож, албан дүгнэлт гаргасан уу. Хэрэв гаргаагүй бол чухам ямар эрх мэдэлд үндэслэн эдгээрийг барим тавим нотлов. Дашрамд дурдахад, бусдын нэр төрд халдсан, эсвэл хэн нэгэн этгээд бусдыг үхэлд хүргэсэн, эсэхийг цагдаагийн байгууллагын албан ёсны батлагаа, нотлогоонд үндэслэсэн шалгалт, хяналтын ажил, мөрдлөгийн дүнд гаргасан бодит хуулийн хүрээн дэх дүгнэлтээр тодорхой болгосны дараа сая олон нийтэд мэдээлдэг билээ.
Тэгвэл “Сохо мебель”-ийнхний хувьд уг хууль үйлчлэхгүй бөгөөд тэдний алив үйлдэл хэм хэмжээнээс хэтэрсэн байж болдог гэнэ. Түүнчлэн хэн дуртай ажилтан нь компанийн өмнөөс хуулийг дарамталсан, бусдыг өөрсдийн тогтоосон хэм хэмжээгээр сүрдүүлсэн, нэр төрд нь халдсан мэдэгдэл хийж, нийтэд цацах эрхтэй байдаг бололтой.
Яг үнэндээ цагдаагийн байгууллага эдэнтэй, эдэнгүй мундахгүй их ажилтай байгаа нь тодорхой. Тийм атал хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээд нь хаашаа ч юм оргосон байж болзошгүй, менежер нь болохоор нийтийг төөрөгдүүлсэн “данагар” мэдэгдэл хийх зэргээр зоргоороо авирлах нь зүй бус үйлдэл мөнөөсөө мөн.
Эх сурвалж: Өглөөний сонин