УИХ-ын гишүүн Л.Болд ОХУ-ын Төрийн Думын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Валентина Терашковагийн урилгаар тус улсад айлчилж байна. Валентина Терашкова нь ОХУ-ын сансрын нисгэгч, дэлхийн түүхэн дэх сансарт ниссэн анхны эмэгтэй. Мөн ЗХУ, Монгол Улсын баатар цолтой, ОХУ-ын анхны эмэгтэй генерал юм. Түүнтэй УИХ-ын гишүүн Л.Болд энэ сарын 23-нд уулзлаа.
Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Л.Болд өөрийн тэргүүлдэг “Шинэ Монголын төлөө санаачилга” ТББ-ын “Насан туршийн бахархалт хүн” шагналыг Валентина Терашковад гардуулан өглөө.
Сансрын нисгэгч Валентина Терашкова талархлаа илэрхийлээд “Монгол хүнийг дахин сансарт нисгэхэд хамтран ажиллана” гэв. Түүнчлэн олон жилийн өмнө Монголд ирж байсан. Тэрбээр Монголын уудам тал, тайван өдрүүдийг дурсаж явдгаа хэлсэн юм.
Мөн тэрбээр УИХ-ын гишүүн Л. Болдыг өөрийн төрсөн нутаг болох Ярославт урьсан. Харин УИХ-ын гишүүн Л.Болд “Шинэ Монголын төлөө санаачилга” ТББ-ынхаа шугамаар Валентина Терашковаг Монголд айлчлахыг урилаа.
Валентина Терашкова ч саналыг дуртайяа хүлээн авч, энэ зун айлчилна гэдгээ хэлэв. Ийн ОХУ-ын домогт сансрын нисгэгч Валентина Терашкова тун удахгүй Монголд ирэхээр болж байна. 1963 оны зургаадугаар сарын 16-нд 26 насандаа сансарт ниссэн анхны эмэгтэй. Тэрбээр тухайн үедээ ЗХУ-ын баатраар өргөмжлөгдөж байжээ. Валентина “Восток-6” хөлгөөр сансарт нисжээ.
Тэрбээр сансарт хоёр жил үүрэг гүйцэтгэсэн,“Восток-6” хөлгийн буултын системд осол гарсныг илрүүлж чадсан гэдгээрээ алдаршжээ.
Дашрамд дуулгахад “Шинэ Монголын төлөө санаачилга” ТББ-ын урилгаар дэлхийн домогт сансрын нисгэгч Базз Олдрин Монголд айлчлаад буцсан билээ.
Эх сурвалж:Зууны мэдээ сонин