Монголд ядуурлын түвшин 35-40 хувьтай гэдэг нь эргэлзээтэй тоо
Сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гарагт сэтгүүлчидтэй хийдэг уламжлалт “4:11” уулзалт боллоо.
Уг уулзалтад УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Л.Гантөмөр, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нар оролцсон юм.
Уг уулзалтаар Засгийн газраас зарласан зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл, Монгол Улсын иргэний цахим үнэмлэхний талаар ярилцсан юм.
Энэ үеэр Н.Алтанхуяг дарга “АН Засгийн газраас гараад 40 хонож байна. Энэ хугацаанд засгийн галыг манаж үлдсэн МАН-ынхан өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд хийсэн сайн зүйл бүрийг өөртөө хамаатуулж, муу болгоныг АН-ынх мэтээр ярих болсон” гэв.
Мөн “Бага, дунд орлоготой иргэдэд зориулсан зургаан хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай орон сууцны зээлийн асуудлыг МАН-ынхан сар шинийн өмнөхөн ярьж эхэлсэн. Гэвч уг 138 дугаар тогтоол хамтарсан Засгийн газрын үед 2011 оны дөрөвдүгээр сарын 27-нд батлагдсан, сая зөвхөн журам л ярьсан. Мөн хүүхдийн тоо заагаагүй байсныг 0-16 насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэж оруулсан явдал нь Засгийн газрын тогтоолыг гажуудуулсан асуудал болсон” гэдгийг онцолж байлаа.
Түүнчлэн өрхийн сарын дундаж орлого 70 мянган төгрөг байна гэсэн нь бага, дунд орлоготой иргэдийн амжиргаанд хүрч байна уу гэдгийг АН-ын удирдлагууд сөхлөө. Хэрэв бага, дунд орлоготой иргэдийн сарын дундаж орлого 70 мянга болчихсон юм бол Монголд ядуурлын түвшин 35-40 хувьтай гэдэг нь эргэлзээтэй тоо гэж байв.
Мөн зээлд хамрагдах орон сууцны барилгын компаниудын жагсаалт гарсанд Л.Гантөмөр гишүүн эргэлзэж байлаа. Хамгийн хямд өртгөөр орон сууц барьдаг компаниудыг шалгаруулалгүйгээр жагсаасан нь “Но”-той гэж байв. Ингэснээр барилгын компаниудад шахааны бизнес дэлгэрч, үнэ өсч, 70 сая төгрөгийн байрыг 50 саяын зээлд “шахаж” зөрүү 20 сая төгрөгийг иргэд төлөх хэрэгтэй болно.
Харин хямд өртөгтэй сууц барьдаг компаниудыг шалгаруулбал байрны үнэ буурна. Гол нь зээл анх удаа орон сууцны зээл хүссэн иргэдэд олгогдох ёстой. Нэг хоёр сууцтай хүн гурав, дөрөв дэх сууцаа хямд зээлээр авах боломжийг хаах ёстой гэж Л.Гантөмөр гишүүн хэлсэн юм.
Мөн УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Л.Гантөмөр “Ард түмний эсрэг буу хэрэглэнэ гэсэн сайд байна. Ерөнхий сайд энэ хүний ажлыг цэгцлэх хэрэгтэй. МАН-ын давуу тал бол бүх шатанд төрөөр дамжсан удирдлагын сүлжээ юм. Шат шатанд нэр дэвших сонирхолтой хүмүүс их байна.
Цахим үнэмлэх тарааж амжихгүй бол УИХ-ын гишүүн гэж энд суух хэрэгтэй юу, үгүй юу. АН-ын бүлэг үлдсэн хугацаанд байх уу, үгүй юү” гэсэн хатуу байр суурь илэрхийлж байсан юм.