АН: Эрдэнэс-Тавантолгойн экспортоос олох орлогоос иргэдийн хэрэглээний зээлийг төлөх бүрэн боломжтой

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, үндсэн дөрвөн асуудал хэлэлцжээ. Хурлаар хэлэлцсэн асуудлаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, бүлгийн гишүүн Б.Пүрэвдорж, З.Нарантуяа, Ж.Батзандан нарын төлөөлөл мэдээлэл хийлээ. Хаврын чуулган завсарлахтай холбогдуулан өнгөрсөн нэг жилийн хугацаанд улс орны нийгэм, эдийн засагт гарсан өөрчлөлтийн талаарх мэдээллийг тоон үзүүлэлтээр мэдээлэх хэрэгтэй гэж АН үзсэн байна.
Ингээд жилийн хугацаанд нийгэм, эдийн засагт ямар өөрчлөлт гарсныг УИХ дахь АН-ын бүлгий дарга Д.Эрдэнэбат товч танилцуулав. 2016 оны зургадугаар сард улсын өрийн хэмжээ 22.5 тэрбум ам.доллар байсан бол жилийн дараа 24.9 тэрбум ам.доллар болжээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2016 оны зургадугаар сард 175 сая ам.доллар байсан бол 2017 оны зургадугаар сард хасах 38 сая ам.доллар болж, инфляци 1.6 байсан бол 3.6 хувь болсон байна.
Төгрөгийн ханш өмнөх оны мөн үеэс 20.3 хувиар суларсан байна. Нүүрсний боловсруулалтын хэмжээ тав дахин нэмэгдэж 700 гаруй сая ам.доллараар орлого нэмэгдсэн байна. Чанаргүй зээл нэг их наяд 36 тэрбум төгрөг байсан бол нэг их наяд 58 тэрбум төгрөг болсон байгааг тус тус дурдлаа. Өөрөөр хэлбэл, макро эдийн засгийн голлох 10 үзүүлэлтээс хоёр нь л өсөлттэй, үлдсэн нь бууралттай байна гэдгийг тодотголоо.
Хоёрт, Багшийн хөгжлийн хуулийн төслийг хэлэлцжээ. Уг хуулийн төслөөр АН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт завсарлага авсан. Бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ, Багшийн хөгжлийн хуулийн төслөөр завсарлага авахаас өөр аргагүй байсан. Учир нь, УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар оруулаагүй, АН-ын бүлэгт танилцуулалгүй, оноо авах зорилгоор оруулж ирсэн. Хуулийг судлахад нэлээд хэдэн ноцтой асуудал гарсан. Боловсролын тухай ухуулгын хууль болсон байна. Багшийн хөгжил нэрээр багшийн нийгмийн хөгжилтэй холбоотой гурван заалтыг хассан байна.
Гуравт, Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор иргэдийн сонгох эрхэд ноцтой халдаж байгаа үйлдэл удаа дараа гарч байгаа учраас СЕХ-нд шаардлага хүргүүлж, хууль биелүүлж, хуулийн дагуу ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийг шаардаж байна. Яаралтай зохион байгуулалттай холбоотой асуудлыг шийдэж, анхаарлаа хандуулах хүсч байна.
Дөрөвт, АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ иргэдээ өрнөөс гаргах санаачлагыг хүргүүлсэн. Энэ талаар хууль санаачлах бүрэн боломжтой гэж АН үзэж байгаа. Иргэдийн өрийн дарамтаас чөлөөлөх санаачилга бол АН-ын зургаа дахь санаачилга юм. Өмнө нь бид иргэд рүүгээ чиглэсэн таван санаачилга гаргаж, бүгд хэрэгжсэн. Уул уурхайн баялгаас иргэд яаж хүртэх тухай асуудал юм. Ямар нэгэн популист санаачилга биш. Бид үүнийхээ төлөө зүтгэнэ, ухрах эрх АН-д байхгүй. Үндсэн хуулийн 6.1 заалтыг хэрэгжүүлэхийн төлөө явна. Иргэдийн өр чөлөөлөөх санаачилгад иргэдийн тэтгэвэр, цалин, малчны зээл, оюутны зээл багтаж байна. Өртэй компани, бизнесийн зээл энэ санаачилгад хамаарахгүй” гэлээ.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа гишүүн хэлэхдээ Эрдэнэс-Тавантолгой компанийн экспортод гаргаж байгаа нүүрснээс олох орлогоос иргэдийн хэрэглээний зээлийг төлөх бүрэн боломжтой, бид бүх тооцоо судалгааг хийсэн гэдгийг хэлж байв.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …