УИХ-ын гишүүн Ж.Батзандантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Та чинь ажилдаа оронгуутаа Засгийн газрыг шүүмжлээд сандаргаж байх шив дээ?
-Хий хоосон шүүмжилсэн юм биш шүү дээ. Асуудал үнэхээр хүнд байгаа нь үнэн.
Тиймээс ийм болчихсон байхад амарч суух утгагүй. Учир шалтгааныг нь олж, дараагийн гарцаа эртхэн эрэлхийлэх хэрэгтэй. Тэгж байж уналтад бага өртөнө.
-Сүүлийн үед захидал бичдэг “моод” дэлгэрээ юү. Оюутолгой руу бичсэн захидлын дараа та Ерөнхий сайдад дугтуйтай бичиг илгээгээд л?
-Эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг хохирол багатай давах боломжийн талаар л бичсэн. Төр засгаас хэрэгжүүлж буй зарим бодлогод би шүүмжлэлтэй хандаж байгаа. Цаг үе ийм болчихоод байхад хямралын менежмент хийх хэрэгтэй гэдгийг сануулсан хэрэг.
-Ерөнхий сайд эдийн засаг хямраагүй гээд байгаа шүү дээ. Та МАН-ынхантай хавсайдаад байгаа юм биш үү?
-Би Засгийн газрын судалгааны байгууллагад бус хөндлөнгийн эдийн засагчдын дүгнэлтэд итгэдэг. Засгийн газар статистикийн хуурамч тоо гаргаж, иргэдийн тархийг угаадгаа болих хэрэгтэй. Онолоор бол эдийн засгийн өсөлт гурван улирал дараалан огцом буурвал үүнийг хямрал гэж тодорхойлдог. Тэгээд ч Засгийн газрыг огцруулах эсэх нь нэн тэргүүний асуудал биш. Тэдэнд шаардлага тавьж ажлыг нь хийлгэх гэсэн болохоос унагах гэж зүтгээд байгаадаа биш юм. Даан ч Ерөнхий сайд долоо хоног бүр 30 минут улс орны байдал сайн байгаа гэж худлаа ярьдаг боллоо.
Түүнийг ингэж худлаа ярьж байх зуур цалин хөлс инфляцид дарлуулж, монгол төгрөг валютын өмнө сөхөрчихсөн нь амьдрал дээр илэрхий харагдаж байгаа биз дээ.
-Тэгээд танд бол хямралаас гарах гарц, менежментийн санаа байгаа юм уу?
-Эхний ээлжинд Ерөнхий сайдыг төсвийн зардал, халамжийн бодлогоо эргэн харахыг хүссэн. Төсвийн зарлагын 60 орчим хувь нь захиргааны зардал, халамжийн бодлогод зарцуулагддаг. Захиргааны нүсэр бүтцийг тэжээхийн тулд эдийн засаг нь уначихна. Татвар төлөгчдийнхөө нуруун дээр халамжийн бодлого гэдэг хүнд ачаагаа үүрүүлчихнэ. Өөрөөр хэлбэл улстөрийн намуудын амлалтад хөтлөгдсөн эрүүл бус эдийн засгийн бодлогоо зогсоох шаардлагатай байна. Хавтгайрсан халамжийн бодлогыг зорилтот халамжийн бодлого болгож өөрчлөх ёстой.
Байнга алдагдалтай ажиллаж, эдийн засагт дарамт болдог төрийн өмчит компаниудыг татан буулгаж, нэгтгэх эсвэл менежментийг нь сайжруулах хэрэгтэй байна.
-Тэгээд захидлынхаа хариуг авч амжсан уу?
-Одоогоор ямар ч хариу алга. Хэдхэн ченжээс хараат байдлаар сөхөрчихдөг үндэсний валютаа хамгаалах зохицуулалтын шинэ журамд шилжих, төсвийн цоорхой, төсвийн гадуурх хууль бус зарцуулалтаа зогсоо гэдэг шаардлагыг ч хүргүүлсэн.
-Таны саналыг хүлээж авахаас татгалзаад хариу өгөхгүй байгаа юм болов уу?
-Дээрх асуудлууд зөвхөн өнөөдөр хөндөгдөж, яригдаж байгаа юм биш. Улстөрийн хүрээнийхэн бүгд мэдэж байгаа. Хамгийн гол нь өөрчлөх улстөрийн эр зориг хэрэгтэй.
-Шинэчлэлийн Засгийн газар “ой” хүрлээ. Таны хувьд муу дүн тавьчихаад л уурсаад байна аа даа?
-Н.Алтанхуягийн Засгийн газар гадаадаас зээл авч өр тавих, зам засч, цэцэрлэгжүүлэх зэрэг ажлыг сайн гүйцэтгэж байгаа.
Харамсалтай нь олж ирсэн зээлийн хөрөнгөө үр дүнтэй ашиглах, эдийн засгийн бүтээмжийг дээшлүүлэхдээ муу байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад манай бизнесийн зарим салбар доголдож, ашиг орлого нь 50 хувиар буурсан судалгаа байна. Гадаадын хөрөнгө оруулалтаас болж олон хүн ажлын байраа алдаж, бизнес эрхлэгчид зээлээ төлж чадахгүй гудамжинд гарч байна. Гадаад валютын ханш огцом нэмэгдсэний улмаас үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадвар эрс буурлаа.
-Валют цулбуургүй өсч байх шив?
-Энэ өсөлтийг бодит эдийн засагт хөрвүүлбэл инфляци найм биш 15 хувьд хүрсэн. Моргейжийн зээлийн хүү найм биш, хоёр оронтой болсон. 1.5 тэрбум ам.доллар Чингис бондын хүү, валютын ханшийн зөрүүг тооцвол хоёр тэрбумд хүрлээ. Үйлдвэрлэлийн салбарын түүхий эд, машин механизмын 80-90 хувийг гадаадаас авдаг гэж үзвэл Чингис бондоор бид Хятадын эдийн засгийг л тэтгэж байна.
-Гэхдээ бондын мөнгөөр бүтээгээд байна л гээд байгаа шүү дээ?
-Манай улстөрчид худлаа хэлж, хууль зөрчих нь хэрээс хэтэрлээ. Тендерийн будилаан, замын луйвар гэдэг ердийн үзэгдэл болчихож.
Хууль мөрдөх биш гуйвуулдаг, төсвийн мөнгөөр хувийн бизнесээ тэтгэдэг хуучин тогтолцоо үргэлжилсээр байна. Аж ахуйн менежер, нэгдлийн дарга шиг Ерөнхий сайд бодит үнэнийг ойлгохгүй л яваад байгаа юм.