Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд иргэд, наадамчин олондоо зориулан “Үндэсний бахархал” тоглолтыг Нийслэлийн Засагдаргын Тамгын газар, нийслэлийн Соёл, урлагийн газар, Монгол Улсын Үндэсний Урлагийн их театртай хамтран өчигдөр Д.Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Үндэсний бахархал” тоглолтыг нээж хэлсэн үгэндээ “Аливаа үндэстний оршин тогтнохын үндэс болсон улсын минь хил хязгаар, эх хэл минь, агуаа түүх минь бидэнд үнэлж барашгүй, хосгүй тансаг соёлыг өвлүүлэн үлдээснийг бахдан бишрээд ханашгүй юм. ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын хосгүй өвд бүртгэгдсэн бидний язгуур соёл маань хөгжил дэвшлийн замналаар гайхамшигт тансаг тайзны урлаг болон хөгжсөөр байна. Энэ үдэш та бидний сонорыг мялааж, мэлмийг баясгахаар Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчдийн маань “Монголын гайхамшигт урлаг” буюу “Үндэсний бахархал” тоглолт эхлэхэд бэлэн болоод байна. Та бүхэн тухлан сууж таалан болгооно уу” хэмээлээ.
Энэхүү тоглолтоороо үндэсний урлагийн олон шилдэг үзүүлбэрүүдийг иргэд, олон нийтэд зориулан толилуулахаар бэлтгэсэн юм.