Элчин сайд нарыг эгүүлэн татах асуудал дээр УИХ хууль зөрчсөн гэв

Үндсэн хуулийн цэцэд хандав. Элчин сайд нарыг эгүүлэн татах асуудал дээр УИХ-ын дарга М.Энхболдыг Үндсэн хууль зөрчсөн тул УИХ-ын даргыг албан тушаалаас нь огцруулах үндэслэл байгаа эсэхийг тогтоолгохоор ҮХЦ-д хандлаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-д “Ардчилсан ёс, шударга ёс, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан. Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн ТГ/398 тоотоор Тамгын газрын даргаар уламжлуулан Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр, Шведийн Вант Улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан нарыг эгүүлэн татах асуудлыг Улсын Их хуралтай зөвшилцөхөөр санал хүргүүлсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч Элчин сайд нарыг эгүүлэн татах санал илэрхийлсэн бол Улсын Их Хурлын Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.3, 43.4-д зааснаар зөвшилцөх үйл явц явагдах ёстой байсан.

Уг хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т “Ерөнхийлөгч гадаад улсад суух элчин сайд, бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Улсын Их Хуралд зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн бол Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 7 хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.”, 43.2-т “Нэгдсэн хуралдаан Ерөнхийлөгчийн санал, Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, ил санал хураалт явуулж, дүнг Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчид бичгээр мэдэгдэнэ.” гэж заасан.

Гэтэл Улсын Их Хурлын дарга М.Энхболд нь Монгол Улсын Ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын бүрэн эрхэд халдаж Улсын Их Хурлын Тамгын газрын даргаараа дамжуулан хариу хүргүүлж хуулийн дагуу явагдах ёстой зөвшилцөх үйл явцыг таслан зогсоож, холбогдох хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох хуулийг зөрчсөн гэж үзэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч нь Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах” эрхтэй гэж заасан.

Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас ирүүлсэн албан бичигт дурдсан хуулийн үндэслэл болох Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4-д “Монгол Улсаас гадаад улс, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.” гэж заасан нь Засгийн газраас өөрийн чиг үүргийн хүрээнд тодорхой санал байвал Ерөнхийлөгчид саналаа илэрхийлэх эрхийг олгосон хэрэг юм. Уг заалт нь Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасан бүрэн эрхээ Ерөнхийлөгч хэрэгжүүлэхэд хязгаарлалт болохгүй бөгөөд Засгийн газраас санал гаргасан эсэхээс үл хамаарна. Иймд Улсын Их Хурлын дарга М.Энхболд нь Үндсэн хууль болон холбогдох бусад хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Улсын Их Хурлын үйл ажиллагааны үндсэн зарчим бол Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ёсоор ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх явдал мөн.” гэж, тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Улсын Их Хурлын дарга нь “Улсын Их Хурлын үйл ажиллагаанд Үндсэн хууль бусад хуулийг сахин биелүүлэх ажлыг зохион байгуулах” эрх, үүрэгтэй байхаар заасан болно.

Иймд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад улсад суух элчин сайдыг эгүүлэн татах саналыг Монгол Улсын Их Хуралтай зөвшилцөх хуулиар тогтоосон журмыг зөрчиж, Монгол Улсын Ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын бүрэн эрхэнд халдаж, Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хууль дээдлэх” төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэсэн заалтыг зөрчсөн тул Монгол Улсын Их Хурлын даргын албан тушаалаас огцруулах үндэслэлтэй юм.

Д.Оросоо

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …