60 тэрбумаа цэвэрлэсэн МАН-д дараагийн сонгуулийн үүд нээлттэй

УИХ-ын гишүүн, МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хорооны дарга Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр болон МАН-ын гишүүд “60 тэрбумаас намаа цэвэрлэе” хөдөлгөөнийг байгуулан ажиллаж эхэллээ.

60 тэрбумаар албан тушаал наймаалцах тухай асуудал үнэн бодит юм. Гэвч сонгуулийн хугацаанд МАН-ын залуус уг асуудлын хажуугаар нүдээ аньж өнгөрүүлсэн. Харин цаашид ийм асуудалтай эвлэрч болохгүй. Тиймээс л 60 тэрбум гэгдэх идээ бээрээс салж,цэвэрлэгээ хийхийг хүссэн байна. Энэ бол тун зөв шийдэл. МАН ч 60 тэрбумийн асуудалд холбогдсон этгээдүүдтэй хариуцлага тооцсон цагт улс төрийн туршлагатай, хариуцлага тооцох чадвартай хүчин гэдгээ иргэд, сонгогчиддоо харуулж чадах юм.

Одоо МАН-д 60 тэрбумын асуудлыг шийдвэрлэх, намаа цэвэрлэх зорилготой залуус байхад сонгуульд ялагдсан бурууг намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд нялзаагаад өнгөрөх бүлэг хүртэл байгуулагджээ.

Тэднийг Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга М.Ганбаатар тэргүүтэй хүмүүс удирдаж байна. М.Ганбаатар бол Ц.Сандуйгийн хүн. Тэгэхээр түүний зорилго нь сонгуульд ялагдсан бурууг 60 тэрбумаас холдуулж, МАН-ын нэр хүндийг шаварт хутгасан нөхдүүдийг хариуцлагаас мултлах гэж ойлгогдож байгаа юм.

МАН 2020 оны сонгуульд оролцоно, ялалт байгуулна гэсэн чин хүсэл эрмэлзлэл байгаа л бол 60 тэрбумын асуудлаа цэвэрлэж, үүнд холбогдсон хүмүүстэй хариуцлага тооцох нь улс төрийн хувьд хамгийн зөв шийдэл юм.

Ард түмэн, МАН-ын залуус үүнийг л хүсч байна. Бугласан идээг хагалахгүйгээр МАН-ын замналыг цааш нь ярих боломжгүй.

Ирэх есдүгээр сард МАН-ын 10 дугаар бага хурал болно. Энэ хурлаар тодорхой асуудлууд яригдана. Мэдээж хариуцлагын тухай ч яригдах биз. Тэгэхээр сонгогчдод нэгэнтээ л буруу ойлголтыг өгчихөөд байгаа зарим хүмүүсээс л аль болох хурдан салах хэрэгтэй. Ингэж байж л МАН-д дараагийн сонгуулийн үүд хаалга нээгдэх болно.

Амар

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …