МАН ялагдсан. Гэхдээ нэг сонгуульд хоёр ч удаа ялагдлаа. Үүний шалтгаан нэр дэвшигчдээ бус харин дотоод асуудлаа шийдэж чадаагүй МАН-ын буруу л байлаа. 60 тэрбум төгрөгөөр албан тушаал наймаалцдаг гэдэг асуудлыг МАН тун энгийнээр шийдвэрлэж, ард түмнээс оноо авч болох байсан. Гэвч эвлүүлэг гэсэн бүрхэг тайлбараа дахин дахин үгэлсээр байгаад л ялагдал хүлээв.
Уг нь “60 тэрбум гээд байгаа энэ асуудал эвлүүлэг юм аа. Гэхдээ МАН бол шударга, ёс зүйтэй нам. Ийм асуудал үүссэн бол зөвхөн асуудалтай холбоотойгоор хариуцлага хүлээх чадамжтай улс төрийн хүчин. Тиймээс Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй миний бие хариуцлага хүлээж албан тушаалаасаа түтгэлзэж, хуулийн байгууллагад энэ асуудлыг шалгуулж, үнэн зөвийг тогтоолгох болно” гээд л мэдэгдчихсэн бол М.Энхболд нэгдүгээр хүн болчих боломж байсан.
Даанч Ц.Сандуйд тийм эр зориг байсангүй. Улс төрийн соёл нь ч алга. Улаан цайм “МАН-ын стратегийн асуудал ярьж байсан. Тэр үеийн бичлэг алдагджээ” гэж хэвлэлийнхэнд тайлбар хийсэн хүн нь Ц.Сандуй шүү дээ. Ийм тайлбар яваад байхад эвлүүлэг гэж зүтгээд яах юм бэ.
Сөрөг хүчин МАН-ын нэг судсыг үнэхээр атгачихлаа. Тиймээс сонгууль болгонд үүнийг ашиглаж, рейтингээ өсгөсөөр байх болно. Тэр бүрт нь МАН-аас “энэ бол эвлүүлэг шүү” мэдэгдсээр байх уу. Эсвэл “эвлүүлэг байсан ч манай нэг хүн өмнөөс нь улс төрийн зориг гаргаж хариуцлага хүлээж, шалгуулж байна бид ийм л шударга нам” гээд тайлбар хийх үү.
Аль нь ард түмнээс илүү оноо авах вэ. Үүнийг МАН-ынхан сайн мэдэж л байгаа. Гэсэн сандлаасаа зууралдсан зарим нэгнээс болоод МАН 2020 оны сонгуульд ч өвдөг шороодож мэдэхээр байна. Өөрөөр хэлбэл АН-д байгаа ганц зэвсэг “60 тэрбум” болчихоод байна. Тиймээс алхам бүртээ үүнийг ашиглаж, олон Доржзодовыг төрүүлэх болно.
Энэ үед хоёр, гурван хэсэг болж хуваагдаад бие биенээ барьж идэж байгаа нь МАН-ын үйлдэл сөрөг хүчинд тун таатай явдал юм. Цогшиж буй галыг өрдөх, улам дүрэлзүүлэхийг л тэд хүсэх нь ойлгомжтой. Гэтэл үүнд нь хөөрцөглөөд дотроо дайтаад байх юм.
Асуудал нь тун энгийн байна шүү дээ. 60 тэрбумтай хамааралтай хүмүүс улс төрийн соёл гаргаад уучлал хүсээд албан тушаалаасаа огцорчихьё. Тэгээд л эдээ бээрээ шахсан МАН гээд тааламжтай сурталчилгаагаа хийж болмоор л санагдах юм. 60 тэрбумтай эвлэрч, хамааралтай хүмүүсээ хаацайлсаар байвал МАН-гүй Монгол болохыг ч үгүйсгэх арга алга.
А.Аюуш