УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нүүр номоороо дамжуулан мэдэгдэл хийлээ. Тэрээр МАН-ын удирдлагууд хариуцлагаа хүлээн нам, улс төрийн завхарлыг түргэн шуурхай засахыг шаардаж байна гэжээ. Ингээд мэдэгдлийг хүргэж байна.
“УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд,
Алдаа оноогоо дотроо шийдвэрлэж чаддаг өөрийн гэсэн мөрдөх дүрэмтэй, баримтлах зарчимтай нам бол “Монгол Ардын Нам” билээ. Улс орны хувь заяаг энэ чухал цаг үед үүрч байгаа улс төрийн хүчний хувьд бид өнөөдөр өмнөхөөсөө илүү хариуцлагатай, бусдаас илүү сахилга баттай байх ёстой.
Иймээс намын удирдлагууд наадам, зугаалгаа одоо зогсооё !
Намрын их ажлаас өмнө намын дотоод асуудлаа түргэн шуурхай эмхлэх нь зүйтэй. Гадна жагсаж байгаа нь ч, дотор суугаа нь ч асуудалд бодитой хандаж, шат шатандаа алдаа оноогоо ярилцъя. Төрийн эрх барьж байгаа улс төрийн хүчний нуруун дээр улс эх орон, ард түмний хувь заяа байдаг учир өнөөдөр МАН-ын дотоод асуудал ард түмэнд хамаатай гэдгийг бүх шатандаа ухамсарлая.
Намын удирдах зөвлөл яаралтай хуралдаж, бага хурлыг 08-р сарын 10-ны дотор хуралдуулж дотоод асуудлаа цэгцлэхийг нийт гишүүдийнхээ өмнөөс шаардаж байна” гэжээ.