ОУВС-гаас өмнөхөөсөө 20 дахин их санхүүжилт авч,
Урд хөршөөс хэт их мөнгө аваад байна уу, үгүй юу-
УИХ-ын сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулан парламентад 65 суудалтай болсон МАН, түүний байгуулсан засгийн газар ажлаа авмагцаа Монгол Улс дампуурлын ирмэгт байгааг зарласан. Тэдний хэлснээр, өнөөгийн Монгол Улсын өмнө тулгамдсан эдийн засгийн хүндрэлтэй байдал нь зөвхөн 2012-2016 оны Засгийн газрын алдаатай бодлогын уршиг аж. МАН 2012 онд АН-ын Засгийн газарт эдийн засгийн тогтвортой өсөлттэй, зээлжих зэрэглэл сайжирсан, 3 тэрбум орчим ам.долларын валютын нөөцтэй, хугацаа тулсан өр зээлгүй, төрийн өмчит компаниуд нь ашигтай ажилладаг улс орныг хүлээлгэж өгсөн хэмээн ярьдаг. Тэгвэл 2016 онд байгуулагдсан өнөөгийн засгийн газар Монгол Улсыг хэрхэн авч явж байна вэ?
ОУВС-ГААС ӨМНӨХӨӨСӨӨ 20 ДАХИН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН УУ?
Баримт 1.
Монгол Улсын Засгийн газар ОУВС-ийн хөтөлбөр авах болсонтой холбоотой зохион байгуулсан хэвлэлийн хурлын/2017/02/19/ тэмдэглэлээс:
Сангийн сайд Б.Чойжилсүрэн: “ОУВС-тай хэлэлцээр явуулаад “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” буюу “Extended Fund Facility” хөтөлбөрийг 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр тохирсон.Төсвийн хүндрэл, төлбөрийн тэнцлийн хүндрэл гэсэн хосолсон хүндрэл байгаа тул уг хөтөлбөрийг сонгож авсан юм. Монгол Улсын авч байгаа хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийг олон улсын байгууллага, донор орнуудаас босгохоор шийдсэн. Үүнд БНХАУ-ын Ардын банктай байгуулсан хоёр орчим тэрбум ам.долларын өртөгтэй своп хэлцэл багтсан гэдгийг мэдэгдье. Үлдэж байгаа 3.5 орчим тэрбум ам.долларыг ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, хандивлагч орнууд зэрэг улс орнуудаас босгохоор төлөвлөсөн байгаа.”
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Ойрын жилүүдэд 3-5 тэрбум ам.долларын орох урсгал үүсэх гэж байгаа нь төгрөгийн ханшийг тогтворжуулах маш чухал дэмжлэг юм.
ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Коши Матай: Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр нь ОУВС-гаас хэрэгжүүлдэг гол арга хэмжээнүүдийн нэг юм. Гурван жилийн хугацаанд ОУВС-гаас 440 сая ам.доллар, Япон, Солонгос, Азийн хөгжлийн банк болон Дэлхийн банк гэх мэт хоёр талт болон олон талт түншүүдээс 3 тэрбум ам.долларын санхүүжилт хийгдэх ба, үүн дээр нэмэгдээд БНХАУ-ын Ардын банк Монголбанктай байгуулсан свопын хугацааг хамгийн багадаа гурван жилээр сунгахаар хүлээгдэж байна. Хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 5.5 тэрбум ам. долларын санхүүжилт бий болж байна. Монгол Улсад туслалцаа, дэмжлэг хэлбэрээр орж ирнэ. Үүнийг харьцуулж хэлбэл өмнөх 2009 онд хэрэгжсэн ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд 300 сая хүрэхгүй хэмжээний ам. долларын санхүүжилт байсан бол энэ удаад бараг 20 дахин их хэмжээний санхүүжилт орж ирж байна.
Дээрх баримтаас үзвэл Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрөөс урьд өмнөхтэйгээ харьцуулбал 20 дахин их санхүүжилт авахаар болжээ. ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” нь 3 жилийн хугацаатай бөгөөд хөтөлбөрийн хүрээнд ОУВС-аас 440 сая гаруй ам.долларын санхүүжилтийг төлбөрийн тэнцлийн зориулалтаар олгох юм байна.
Энэхүү уулзалтын үеэр ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Коши Матай: “Нэгдүгээрт, зээлийн хүүгийн хэмжээ ерөнхийдөө хөвөгч хүү байдаг. Ихэвчлэн 2 хувиас илүүгүй байдаг. Хөтөлбөрийн сонголтын тухайд яагаад Stand-by хөтөлбөрөөс Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг илүүд үзсэн бэ гэхээр эргэн төлөлтийн хугацаа нь Stand-by-тай харьцуулахад хамаагүй урт буюу 10 жилийн хугацаанд зээлийн эргэн төлөлтийг хийх боломжтой. …ОУВС-гийн хэрэгжүүлдэг хөтөлбөрүүд нэг дор бүх мөнгийг өгдөггүй, тодорхой интервалтайгаар явдаг. Энэ нь хөтөлбөрийн хүрээнд тусгасан арга хэмжээнүүд хэр амжилттай хэрэгжиж байна вэ гэдгээс хамаараад тохирсон хуваарийн дагуу санхүүжилт нь олгогдоод явдаг. Өөрөөр хэлбэл, хөтөлбөр хэрэгжих 3 жилийн хугацааны туршид тодорхой давтамжтайгаар санхүүжилт олгогдоод явна. ОУВС-гийн хувьд үнэлгээгээ 3 сар тутам хийхээр төлөвлөсөн байгаа. Бусад хандивлагчид арай өөр хуваариар хийж магадгүй. Гэхдээ хөтөлбөрийн туршид санхүүжилт байнга олгогдоод тасралтгүй явна гэж ойлгож болно” гэж хариулсан байдаг.
Хүснэгт 1. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн задаргаа
Хөтөлбөрийн нийт санхүүжилт 5.5 тэрбум гаруй ам.доллар байна.
Санхүүжүүлэгч | Үнийн дүн /сая ам.доллар/ | Санхүүжилтийн төрөл, зориулалт |
ОУВС | 441 | Төлбөрийн тэнцэл |
АХБ | 900 | Төсвийн дэмжлэг – 600 сая ам.доллар
Төслийн санхүүжилт – 300 сая ам.доллар |
Дэлхийн банк | 600 | Төсвийн дэмжлэг – 440 гаруй сая ам.доллар
Төслийн санхүүжилт – 160 сая ам.доллар |
Япон Улс | 850 | Төсвийн дэмжлэг |
БНСУ | 500 | Төслийн санхүүжилт |
Төсвийн дэмжлэг, төслийн санхүүжилтийн дүн | 3,291 | |
БНХАУ | Своп хэлцэл сунгах | 15 тэрбум юанийн своп хэлцэлийн хугацааг 3 гаруй жилээр сунгах |
НИЙТ: | 5,500 |
Жич: Своп хэлцэл гэдэг нь тухайн өдрийн ханшаар ханшаар валют худалдан авч /худалдаж/ ирээдүйн тохиролцсон ханшаар эргүүлээд худалдах /худалдан авах/ арилжааны 2 хэлцлийг хэлнэ.
Эх сурвалж: /https://www.mongolbank.mn/documents/presentation/2012_Swap_fwd.pdf/
2017 оны 6 сарын 30-нд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын чуулганд үг хэлэхдээ “ОУВС-ийн Захирлуудын зөвлөл 2017 оны 05 дугаар сарын 24-нд манай улсад хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг дэмжиж баталсан өдрөөс Засгийн газар “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөр гурван жилийн хугацаатай бөгөөд хөтөлбөрийн хүрээнд ОУВС-аас 434.3 сая ам.долларын санхүүжилтийг төлбөрийн тэнцлийг дэмжих зориулалтаар олгохоос эхний хэсэг болох 38.6 сая долларын санхүүжилт аваад байна. Хөтөлбөрийн нийт санхүүжилт 5.5 тэрбум гаруй ам.доллар бөгөөд хөтөлбөрийн хүрээнд БНХАУ төгрөг – юаны своп хэлцэлийн хугацааг сунгах замаар дэмжиж хамтран ажиллах бол Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын банк, санхүүгийн байгууллага, Япон, БНСУ зэрэг хоёр талт түншлэгч орнуудаас нийт гурван тэрбум гаруй ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг төсвийн дэмжлэг, төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх хэлбэрээр олгох юм” гэжээ.http://zasag.mn/news/view/17549
УРД ХӨРШӨӨС ХЭТ ИХ МӨНГӨ АВААД БАЙНА УУ, ҮГҮЙ ЮУ?
Баримт 2:
Дээр дурдсан уулзалтын үеэр БНХАУ-аас авах хөнгөлөлттэй зээлийн асуудал ч хөндөгдсөн. Энэ сэдвээр Сангийн сайд Б.Чойжилсүрэн: “Энэ хөтөлбөрийн хүрээнд нийт авах 3.5 орчим тэрбум ам. долларын хөнгөлөлттэй зээлийн дотор БНХАУ-аас авах зээл тооцогдоогүй байгаа. Харин Хятадын төв банк, Монголбанкны своп гэрээний талаар Монголбанкны ерөнхийлөгч тодорхой хариулт өгнө” гэсэн юм.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан: “Монголбанк Хятадын төв банктай своп хэлэлцээртэй. Хэлэлцээрийн хугацаа энэ оны 8 дугаар сард дуусч байгаа. …2016 оны 8 дугаар сард болсон АСЕМ-ийн зөвлөгөөний үеэр ирсэн Хятадын ерөнхий сайд Ли Кэцян свопын хугацааг цаашид сунгана, гэхдээ хэмжээг нь дахин 10 тэрбум юанаар нэмнэ гэдэг хэлэлцээрийг Монгол улсын Ерөнхий сайдтай хийсэн. Ийм учраас бид цаашдаа хэмжээг нь 10 тэрбум юанаар нэмэгдүүлэх, хугацааг нь дор хаяж 3 жилээр сунгах талаар хэлэлцээрийг бид ирэх 7 хоногоос эхлүүлэхээр төлөвлөж байна”гэжээ.
Баримт 3:
Монгол Улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын БНХАУ-д хийсэн айлчлалын мэдээнд “Эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд эхний ээлжинд БНХАУ-ын олгосон нэг тэрбум долларын зээлийн Хятадын талын хариуцах санхүүжилтийн харьцаа 85 хувь байсныг 95 хувьд хүргэхээр шийдвэрлэснээ мэдэгдэв. Мөн БНХАУ-ын Ардын банк Монголбанк хооронд байгуулсан своп хэлэлцээрийн хугацааг сунгахаар тохирсон. Энэ удаа БНХАУ-аас Монгол Улсад 350 сая юанийн буцалтгүй тусламж олгож байгаа, мөн ирэх гурван жилд хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээ Хятадын тал илэрхийлэв” хэмээн мэдээлсэн. /http://vip76.mn/content/46628,2017.05.15 | Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба/
БНХАУ-д хийсэн айлчлалын хүрээнд шийдэгдсэн нэг асуудал дээр дурдагдаагүй орхигдсон нь “БНХАУ-аас 2 тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэх” болсон тухай /http://www.ikon.mn/n/10hx/ мэдээлэл юм. Засгийн газрын ээлжит хуралдаанаас /2017.06.14/ “Хоёр тэрбум юанийн тусламжийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулах” шийдвэр гарсан.
Ийнхүү өнөөгийн засгийн газар юм л бол урд хөршөөс хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж авах болсон нь Монгол Улсын эдийн засгийн хараат бус байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй гэх болгоомжлолыг төрүүлж буйг ажиглагчид онцолж байна. Тэр тусмаа эрх баригч МАН-ын намын даргын сонгууль ойртож буй өдрүүдэд энэ их мөнгө улсын эдийн засгийг аврах бус, харин өөр зорилгоор зарцуулагдах вий гэсэн хардлагыг төрүүлж байгаа нь хэвлэлд нийтлэгдсэн, олон нийтийн сүлжээнд тавигдсан мэдээллүүдээс ажиглагдаж байна.
Монгол Улсад орж ирж буй зээл, тусламж, эдийн засгийн хамтын ажиллагааны дэмжлэг зөвхөн үүгээр хязгаарлагдаагүй. БНЭУ, БНСУ, ОХУ гээд л гар сунгаж буй улс орнуудын жагсаалт хөвөрнө. Энэ засгийн газарт юу л байна, мөнгө л байна. Гэвч зээл тусламжийн бодлого хаашаа чиглэж, тэр их мөнгийг юунд зарцуулж байна вэ, Ерөнхий сайд аа?
Ц.Оюунчимэг
WWW.ZINDAA.MN