УИХ дахь Ардчилсан намын бүлэг яг одоо ээлжит бусаар Төрийн ордонд хуралдаж байна. Тус хуралдаанаар цаг үеийн шинжтэй хэд, хэдэн асуудлыг хэлэлцэж буй аж. Үүний нэг нь Хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудал гэх мэдээллийг бид авлаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн Засгийн газар бүх хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгох шийдвэр гаргаснаар 2017 он гарсаар хүүхдийн мөнгөө авах боломжгүй, хязгаарлалтад ороод байсан иргэдийн хүүхдийн данс руу нийт зургаан сарын 120 мянган төгрөг шилжиж орсон.
Дээрх шийдвэрийг гаргах үед УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “Засгийн газар хууль зөрчин, асуудлыг шийдлээ. Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх шаардлага байсан” гэж мэдэгдсэн. Харин Засгийн газрын зүгээс “Хууль зөрчсөн зүйлгүй. Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгоод эхлэхээр Ардчилсан намын гишүүд уурлаж байна” гэх агуулгатай тайлбарыг хийж байв.
Засгийн газар Олон улсын валютын сангийн санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсноор амьжиргааны төвшин тааруу айлын хүүхдэд 20 мянган төгрөг олгохоор болж, холбогдох хууль, төсвийг УИХ-аар батлуулж авсан ч төсвийн орлого өссөн гэж үзэн, бүх хүүхдэд ялгаваргүй олгохоор шийдвэрээ гаргасан юм. Харин Олон улсын валютын сан Монгол Улсад хэрэгжиж байгаа хөтөлбөрийнхөө эхний үе шатыг дүгнэх үеэрээ хүүхдийн мөнгийг анхаарах шаардлагатай гэсэн зөвлөмжийг өгсөн билээ.