Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон улсын Шизүока мужийн захирагч Х.Кавакацүг хүлээн авч уулзаж, Монгол Япон улсын орон нутгийн харилцаа эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд энэхүү хамтын ажиллагаанд Шизүока мужийн захирагч бусдыгаа хошуучлан оролцож байгаад баяр хүргэлээ.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг 2016 оны намар Япон улсад айлчлал хийх үеэр Шизүока муж, Сэлэнгэ аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулагдсан гэдгийг ноён Х.Кавакацү хэлээд тус аймагт энэ жил 40 га газарт гурвалжин будаа тариалсан. Тариалалт, ургац сайн байгаатай танилцаад ирсэн тухайгаа Ерөнхий сайдад тэрээр хэллээ. Мөн газар тариалан хөгжсөн Сэлэнгэ нутагт аялал жуулчлал хөгжүүлэх боломж дүүрэн байна. Үзэсгэлэнтэй байгаль, түүхийн өлгий нутаг юм гэж тэрээр Сэлэнгэд зочилсон сэтгэгдлээ хуваалцлаа.
Шизүока муж эдийн засгийн хувьд хүчирхэг төдийгүй Японы уламжлалт соёл, зан заншлыг хадгалж ирсэн. Аялал жуулчлал, соёлын чиглэлд тус мужаас суралцах зүйл олон. 2020 оны Токиогийн олимпод оролцох Монголын баг тамирчдын бэлтгэлийг хангуулахаар хүлээн авах болсонд Шизүока мужийн захирагчид Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат талархал илэрхийлж, хоёр улсын орон нутгийн хоорондын харилцааг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.