НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр 60 тэрбум төгрөгийн асуудалтай нэр холбогдоод байгаа Ц.Сандуйг огцруулах талаар мэдэгдэл хийлээ.
НИТХ дахь АН бүлгийн дарга Ц.Баатархүү “Төрийн албыг наймаалцаж 60 тэрбум төгрөг босгох МАН-ын удирдлагуудын хэрээс хэтэрсэн үйлдэл үнэн бодит болохыг тус намын Ерөнхий нарийн бичгийн даргаас эхлээд жирийн гишүүд нь өөрсдөө хүлээн зөвшөөрсөн.
Энэхүү 60 тэрбумын гэх үйлдэл нь төрийн албаны чадавхийг бууруулсан, чадварлаг төрийн албан хаагчийн эрхийг ноцтой зөрчсөн, албан тушаал эрх мэдлийн арилжааг хөхүүлэн дэмжсэн, ёс зүйгүй үйлдэл байтал эрх баригч намын удирдах намын зөвлөл нэр бүхий албан тушаалтнууддаа хариуцлага тооцох биш, хаацайлж, хамгаалах оролдлого хийсээр байгаа нь олон нийтийн зэвүүцлийг төрүүлсээр байгаа юм.
Иймд НИТХ дахь АН-ын бүлгээс НИТХ-аар НИТХ-ын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх ёстой гэж үзэж байна.
НИТХ дахь МАН-ын 16 төлөөлөгч, АН-ын 11 төлөөлөгч нийт 27 төлөөлөгч Ц.Сандуйг огцруулах асуудлыг НИТХ-аар хэлэлцүүлэхийг дэмжсэн. Иймээс энэ удаагийн наймдугаар сарын 31-нд болох хурлаар уг асуудлыг хэлэлцэнэ” гэлээ.