Авто захуудыг ирэх сараас нүүлгэж эхэлнэ

Нийслэлийн түгжрэл, агаар, хөрсний бохирдлыг бууруулахын тулд 22-ын товчооны урд талд “Авто худалдааны цогцолбор”-ыг байгуулж, хотын төвд байрлах техникийн захуудыг нэг дор төвлөрүүлэхээр болсон билээ. Энэхүү төвийн албан ёсны нээлт энэ сарын 21-ний өдөр болжээ. Нийслэл дэх авто захуудыг хаах шаардлагыг Нийслэлийн удирдлагуудад хүргүүлсэн бөгөөд 9, 10 дугаар сард авто захуудыг бүрэн нүүлгэн шилжүүлэх ажил явагдах юм байна.

Нийтдээ 6200 гаруй автомашины зогсоолтой “Авто худалдааны цогцолбор”-ын нэг зогсоолыг дөрвөн сая төгрөгөөр худалдаалж буй бөгөөд одоогоор 1200 гаруй нь зарагджээ. Харин худалдан авах сонирхолгүй иргэдэд урт хугацаагаар түрээслүүлэх юм байна. Түүнчлэн авто худалдааны цогцолбор автомашины худалдаа эрхлэгчдийг аравдугаар сарын 1-нийг хүртэл өөрийн хүссэн зогсоолдоо үнэгүй зогсох боломж олгож байгаа аж.

Мөн Авто тээврийн үндэсний төв, Цирк, Хөвсгөл трейдэд байрлах импортын машины бүртгэлийг уг цогцолборт нүүлгэн шилжүүлжээ. Тиймээс иргэд шинэ машин худалдаж авах гэж байгаа бол зөвхөн “Авто худалдааны цогцолбор”-т очих юм байна.

Нийслэлээс тус бүтээн байгуулалтад зориулж нийт 25 тэрбум төгрөг төсөвлөснөөс 13 тэрбумыг нь зарцуулаад байгаа аж. Иргэдийн худалдан авсан гэх 1200 гаруй зогсоолын үнэ нийтдээ зургаан тэрбум төгрөг болжээ. Авто цогцолбор нь нийт 130 га газартай. Одоогийн байдлаар 25 га газарт нь байгууламж баригдсан байна. Үлдсэн газарт нь автомашинтай холбоотой дром, оношлогооны төв, машины үзэсгэлэнгийн талбай зэрэг бүтээн байгуулалт хийхээр төлөвлөжээ.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …