Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат манай улсад айлчлал хийж буй ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд Игорь Владимирович Моргуловыг хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайд, манай улсад энэ жил зуншлага тааруу, ихэнх нутагт гантай байгаагаас ургац алдах эрсдэлтэй байна. Иймд ОХУ-аас өвс, тэжээл худалдан авахаар ярилцаж тохирч байгаа. Мөн боловсруулсан мах болон үржлийн мал экспортлох талаар ярилцаж байна. Эдгээр шийдвэрийг болон Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын зарим тохироог Владивосток хотноо ирэх есдүгээр сард болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр эцэслэж, бодит ажил хэрэг болгох бэлтгэлийг Засгийн газрын түвшинд хангалаа. Энэ ажилд дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа ОХУ-ын Гадаад хэргийн яаманд талархал илэрхийлье гэлээ.
Монгол, Оросын харилцааны чухал хэсэг бол бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаа юм. Хоёр улсын нийт худалдааны 70 хувийг бүс нутаг хоорондын худалдаа эзэлдэг. Иймээс хил орчмын яармаг худалдааг зохион байгуулахад хоёр талын төр, засгаас дэмжлэг үзүүлэх нь чухал гэдгийг ч Ерөнхий сайд тэмдэглэж байлаа.
Хоёр орны худалдааны эргэлт сүүлийн хоёр жил дараалан буурч байсан ч энэ оны эхний хагас жилд худалдаа эргэлт өсөж байгаа гэдгийг орлогч сайд дурдаад Монгол Улс, Евразийн Эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах ажлын хэсгийг байгуулах асуудалд анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын ОХУ-д хийх айлчлалыг энэ ондоо багтааж хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг оросын тал тэмдэглэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.