МАН-ын Удирдах Зөвлөл Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээр хариуцлага тооцохгүй байхыг үүрэгджээ

МАН-ын өнөөгийн удирдлагууд Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээр хариуцлага тооцох хэлбэрээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй байхыг УИХ болон Аймаг, Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэгт, Бүх шатны намын байгууллагуудад чиглэл болгожээ.

Дотоод зөрчил тэмцэл нь тэр бүр ил гарч олны хүртээл болж байгаагүй МАН хэмээх улс төрийн хүчин өнөөдөр тэсрэлт дэлбэрэлтийн өмнөх байдалд байна. Намын дарга нь гаднаа төлөв түвшин, хэлбэрэлтгүй хатуу байр суурьтай, албан тушаалаа өгөх гэж буй мэт дүр төрхтэй харагдаж буй ч, яг үнэндээ Намын даргын суудалтайгаа үхэн хатан зууралдаж, эрх мэдлээ авч үлдэхийн төлөө улайран юу ч хийхээс буцахаа больсныг илтгэх ноцтой баримт дэлгэгдлээ.

МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд МАН-ын ээлжит бага хурлыг хуралдуулах товын тухай болон Удирдах Зөвлөлийн нийт гишүүд намын дотоод зөрчлийн тухай үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хэлэлцэн асуулт асууж, санал хэлсэн уг хуралдааны тэмдэглэлд тус намын өнөөгийн удирдлагуудын үнэн нүүр царай, жинхэнэ санаа зорилго нь цагаан дээр хараар бичигдэн дурайтал үлджээ.

МАН-ын Удирдах Зөвлөл энэ сарын 16-ны өдөр хуралдсан бөгөөд уг 11 дүгээр хуралдааны тэмдэглэлд,

  1. “Монгол Улсын хэмжээнд төр, засгийн байгууллагуудын түвшинд цаашид тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлж МАН 2020 оны сонгуульд оролцох бэлтгэлийг хангаж ажиллах зорилт дэвшүүлэн 2016 оны УИХ-ын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ, Засгийн газар, Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээр хариуцлага тооцох хэлбэрээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй байхыг УИХ болон Аймаг, нийслэл ИТХ дахь МАН-ын бүлэгт, бүх шатны намын байгууллагуудад чиглэл болгов.
  2. МАН-ын Бага хурлын ээлжит хуралдааныг 2017 оны 9 дүгээр сард хуралдуулах тухай МАН-ын Удирдах зөвлөлийн 7 дугаар сарын 8-ны өдрийн 8 дугаар хуралдааны шийдвэрт хугацааны өөрчлөлтийг оруулах шаардлагагүй гэж үзэн 9 дүгээр сард ээлжит бага хурлыг хуралдуулах.
  3. Намын Удирдах Зөвлөлийн гишүүдийн гаргасан саналын дагуу Намын болон Улс төрийн албан тушаалтнуудүүсээд байгаа нөхцөл байдлын тухай тодорхой түвшний уулзалт зохион байгуулж харилцан ойлголцолд хүрч, улс орны тогтвортой байдлыг хангаж Намын эв нэгдлийг эрхэмлэж дотоод зөрчлийг арилгах арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ” гэжээ.

Энэхүү шийдвэртэй холбогдуулан “60 тэрбумын автор” Ц.Сандуй 2017 оны 8 сарын 21-ний өдөр Нийслэлийн МАН-ын хорооны өмнөөс нэгэн албан бичгийг намын анхан шатны байгууллагын дарга нартаа зориулан илгээжээ. МАН-ын Удирдах Зөвлөлийн 11 дүгээр хуралдааны тэмдэглэлийг хавсаргасан уг албан бичигт “Өнөөгийн үүсээд байгаа нөхцөл байдалд ул суурьтай, нухацтай хандаж, намын дотоод эв нэгдлийг эрхэмлэн, МАН-ын гүйцэтгэх төв байгууллагаар хэлэлцэн шийдвэрлэсэн дээрх чиглэлийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллана уу. Жич: Хувийг 152 үүрийн дарга нарт” гэжээ.

“60 тэрбумын авторууд” намаа шинэчлэх нь байтугай, “төрийн эсрэг хуйвалдаан”-ы асуудлаар улс төрийн тавцангаас арчуулах магадлалд хүргэснээ ч мэдэх сөхөөгүй, мэдсэн ч мэлзэж булзсаар сандал суудлаасаа тас зууралдаж буй нь эмгэнэлтэй.

Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээр намын удирдлагуудад бодит хариуцлага тооцохоос тэд үхтэлээ айж буй аж. МАН-ын гишүүдийн олонх нь намаа шинэчлэхийг хүсэж буй энэ өдрүүдэд өнөөгийн удирдлагууд нь эрх мэдлээ авч үлдэхийн төлөөх улайрсан оролдлогуудаа үргэлжүүлсээр…

Яг одоо буюу өнөөдрийн 11 цагт МАН-ын үүрийн дарга нар цуглан хуралдаж байгаа тухай ойрын эх сурвалжийн мэдээлэл ирээд байна. Энэ хуралдаанаар МАН-ын Удирдах Зөвлөлийн 11 дүгээр хуралдааны тэмдэглэлд дурдсан дээрх асуудлыг хэлэлцэж буй нь ойлгомжтой юм.

Д.Долгион

WWW.ZINDAA.MN

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …