У.Хүрэлсүхээс ял асуух уу?

Одоогоос арваад жилийн өмнө миний бие ийм нэртэй нийтлэлээ “Зууны мэдээ” сонинд тавьж байсан. МАН дотор үүсээд байгаа өнөөгийн нөхцөл байдлыг харахаар мөн л У.Хүрэлсүхээс гэм бурууг хайх гэсэн түүнээс ял асуух гэсэн муйхарлал энэ намд, зарим эрх баригчдын дунд сүүмэлзээд эхэллээ. Хорь гаруйхан жилийн өмнө цус нь өтгөрч, зүс нь өтөлж, зүрх нь ачаалсан тухайн үеийн МАХНамыг залуу шингэн цусаар сэлбэж, зүрхний цохилт цусны эргэлтийг хурдасгасан хүн нь У.Хүрэлсүх. Өтөлж бээрсэн өвгөдийн нам хэмээн цоллуулж өргөн олон сэтгэл буруулж, өсвөр залуус дайжиж явсан өвлийн зуд шиг хүнд үе өнөөгийн МАНамд бас бий. Хашир өвгөдийн их ухааныг халуун залуусын тэмүүллээр зөв сүлж, нам улс төрд залуусын дуу хоолой хэрэгтэй гэдгийг үг үйлдэл хоёроороо нотолж явсан үе түүнийх. МАН-ын байрыг түйвээж туг сүлдийг нь шатааж байхад дарга гишүүд нь саарал ордондоо бүгэж мань хүн л намаа өмгөөлөн тэмцэж “Улаан хамгаалагч” аараа цоллуулж явсан удаатай. МАНам руу халдсан, МАНамын нэр төрийг гутаасан үйлдэл бүрт хамгийн өмнөөс дуугарч, олны дундаас өмгөөлдөг омог зориг түүнд бий. Тэр бусад шиг яах бол? Хэмээн цагийн аясыг харж, цаад наадахыг тооцоолдог дотор санаагүй нэгэн.-Н.Энхбаярыг “Хаан” байх үед Та болохгүй байна, таны удирдсан намын бодлого нэр хүнд олны дунд уналаа. Авилгалын сүлээ аалзны тороо таслахгүй бол загалмайлсан эцэг гэдэг нэрнээс та салахгүй, таны уршгаар нам ч цэвэршихгүй боллоо шүү. Өөрчлөхгүй бол болохгүй нь. Шинэчлэхгүй бол оройтох нь ээ хэмээн зоригтой шүүмжилж, хариу бэлгээ түүнээс хатуухан хүртсэн ч удаатай. Ёстой л даргыг даган далдагнаж, хүчтнийг даган хүүдэгнэж явсангүй. Өөрийн зангаараа, замаараа өгсөж уруудаж хал үзэж халуун чулуу атгаж хат суусан эр. Тэгвэл яагаад өнөөдөр МАН-ын хэсэг бүлэг хүмүүс У.Хүрэлсүхийг яллах, түүнээс ял асуух гэсэн олон олон шалтгаан хайгаад эхлэв?

Өнөөдрийн МАН-ыг өнгөрснөөс таних өчүүхэн ч зүйлгүй болсон нь засгийн газрын томилгоо, албан тушаалын арилжаа, 60 тэрбумын бүлэглэл, концессоор угжуулсан улс төр нам дамнасан хөрөнгөтнүүдийн хуйвалдаан болоод байгаагаас харахад ойлгомжтой. Өнөөдөр ардын намын толгойд гарсан албан тушаалын наймаачид, ашиг сонирхлын бүлэглэлийхэн түүнийг “Халиар” аар нь дуудаж эрх ашигт нэгдсэнгүй, идэж ууж хуйвалдаагүйн төлөө элдвээр гүтгэж, эрүүдэн шүүхээр мөрдөн мөшгиж, мөрлөн түлхэж ялгаварлан гадуурхах боллоо.

У.Хүрэлсүхэд урд зүгийн цус ураг садны холбоо алга. Уул ухаж ус эргүүлсэн орд газар, олон төрлийн лиценз алга. Монгол төрийн албыг мөнгөөр зодож үнээр ааглах хамтран зүтгэгчид алга. Нүүрсний наймаагаар түншлэсэн “данжаад” дэмжлэг алга. Ийм болохоор “Халиар” аар дуудуулж халаас нимгэн журмын нөхөдтэйгөө 60 тэрбумын бүлэгээс гадуурхагдаж байгаа хэрэг. Хамгийн үнэн нь У.Хүрэлсүх Монгол төрөө 60 тэрбумаас өмгөөлж, МАНамаа “Жу” мафийн савраас аврах гэсэн ил далд тэмцлээрээ илүү тэдний шүдэнд орж, нүдэнд нь торж байна. Хэрээс хэтэрсэн мафийн сүлжээ, хэнээс ч айхгүй болсон улс төрийн бүлэглэлийн эсрэг тэмцэж эсэргүүцэж байгаа учраас л түүнээс ял асуух өө сэвийг өнөөгийн бүлэглэлүүд хайж байгаа хэрэг.

Улс төрөөс түүнийг явуулчих гэсэн, уршигт хэрэгт унагачих гэсэн “сармисан” санаа хамар цоригоод байгааг нийгэм даяараа мэдэрч эхэллээ. Одоо магадгүй түүнд намын шударга гишүүдээсээ гадна улс гэртээ санаа зовиносон нийт иргэдийн дэмжлэг хамгаас хэрэгтэй байж ч магадгүй. Намын эрх ашгаас дээгүүр улс гэр тусгаар тогтнолын эрх ашгийг мөрдлөгө болгох түүхэн цаг үе ч байж мэднэ. Ардын нэрээрээ овоглосон энэ нам түүнд олон удаа ачаа үүрүүлсэн. Хувь тавилан хүнд даах ачааг нь үүрүүлдэг гэдэг. Одоо нам нь өөрийгөө авруулах ачааг түүнд тохож, улс гэр нь өөрчлөн хувьсгах шинэ цагийн эхлүүлэх үүрэг өгч байж ч мэднэ. Эздийг нь эрх мэдэл эд мөнгөөр хөөгөөд гаргасан эзгүй гэрт энэ цагийн авилгачид тонгочиж байхад айлын том хүүгийн цээжинд аавын голомтоо доромжлуулж суух тэвчээр хаанаас байх. Ийм л учраас түүнийг мөрдөн мөшгиж, ял асуух гэж тэдний яаравчлан буй нь энэ.

60 тэрбумаас урвасан. МАНамын ард нуугдсан “Жу” мафийг эсэргүүцсэн. Бизнес улс төр хутгалдсан их мөнгөний бүлэглэлийг сөрсөн. Орд газруудын хуйвалдаанд оролцоогүйн төлөө. “Халиар”ын хувь заяаг сонгосон. Дуулгаваргүй тэрс үзэл гаргасан урвагч хэмээн У.Хүрэлсүхээс ял асуух уу?

О.Түвшиндэмбэрэл

 

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …