Явж буйг бүү саатуул, ирж буйг бүү хөө!

Нэгэнт л явах нь тодорхой, байр, байрандаа буцаж очих хүмүүсийг хоргоож, чаргууцалдаж, цаг барж яах нь вэ дээ. Намынхаа нэрийг уландаа гишгэж төрийн нүүр “улайлгасан” М.Энхболдтонгуудыг илүү гай чирээгүй дээр нь буулгах нь зөв. Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс харсан ч тэр ард иргэдийн үзэл бодлыг сонссон ч тэр яах аргагүй тэд өндрөөс буух ёстой. Ер нь М.Энхболд уур уцаараа төмбийтөл нуудаг хүн аж. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд, хоёрын хоёр чанга уначихаад ер уурлаагүй. Хацар нь мэнчийгээд байхад л инээгээд зогсоод байх жишээтэй. Доод нөхөд нь харин хуруу гарынх нь хөдөлгөөн, дохио зангааг нь үг ярианаас нь илүүтэй ойлгодог шиг.

    М.Энхболдыг Монголын нэрт нэгэн сэтгүүлч тодорхойлохдоо, “…асч, салхи шуурга дэгдээж байдаггүй. Ямарч бэрх үеийг тэр өөрийн арга ухаанаар давдаг.” гэж. Зөв тодорхойлсон байгаа биз. Дотор санаатай гэдгийг нь ч бас давхар хэлээд өгч. Одоо Ж.Эрдэнэбатыгаа өмнөө бамбай болгоод барьчихсан өөрөө ард нь ямарч халцархайгүй инээмсэглэн алхаж явна. Юу хийх, яах ёстойг нь зааварласан шиг. Засгийн газрын хэдэн сайд бол түүний торгуулийн суман болчихлоо. Толгойлогч нь Ж.Эрдэнэбат сайдтан юмдаг уу даа. Өөрийнх нь өмнөөс шүүрэн шанага болтлоо шүүршүүлээд үзэлцэж явна. Үзэлцэх ч гэждээ аргаа барж, нуугдах хонхорхой хайж байгаа.

  МАН-ын бага хурлаар Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг үл харгалзах тухай далд даалгавар нь задарчихлаа. Мань Энхболд таг чиг л байна. Харин гар хөлийнх нь үзүүр бологсод амь тавихын наагуур харайлгаж яваа. “Хэлэх үг элчийн аманд” гэдэг монгол үг байдгийг тэр мэддэггүй бололтой. Б.Ренчин гуайн “Нууцыг задруулсан захиа”-рхуу үйл явдал болж “60 тэрбум” нь задарчихаад байхад ахин нэг гоомой бичиг тараасан нь ил болчихлоо. Өө, тэр өөрөө тоож байгаа шинж алга. Ц.Сандуйгаа өмөөрсөн шиг, бас өхөөрдсөн шиг дээрээс харан сууна. Гэвч түүний дотор цухлын гал түймэрдэж л байгаа. “Цээжинд чинь гал дүрэлзэж байвч утааг нь бүү хамраараа гарга” гэдэг үгийг их сайн тогтоосных байх. Мань нөхөр олон талаасаа түшүүлж зогсоод сурчихсан, түүнийгээ тулхтай харагдаж байгаад итгэчихсэн хүн юм л даа.

   УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа,“Би Энхболд хэмээх нөхрийгөө хамгаалж хэдэн үг хэлье. Бодвол бөгс долоогч л гэх байх. Энхболд дарга руу дайрч давшлаад байгаа залуус өндөр боловсролтой, УИХ-ын гишүүд хэдий ч Энхболдын төрд ч, намд ч хийж бүтээсэн зүйл ажил албаны болоод амьдралын дадлага туршлага нас намбыг нь бодсон ч энэ бол та нарын ёс зүй, төлөвшил, зан араншингийн доголдол гэж хэлмээр байна. Товчхондоо бол Энхболд дарга хийсэн бүтээсэн юмтай хэлэх үгтэй төрийн зүтгэлтэн. Яахав ээ, тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэдэг үгтэй дээ. М.Энхболд даргын хувьд олон сайн чанартай хүн. Тэр ч утгаараа хүний өөрийн нам гэлтгүй тэгш сайхан харьцдаг.
Амьдралд мөнхийн юм гэж байдаггүйтэй адил ажил албан тушаал мөнхийн биш. Намын дүрмийн хүрээнд хоёр сар орчмын дараа албан ёсоор ажлаа өгнө. Энхболдтойгоо эргээд уулзах нүүртэй бай дүү нар минь гэж хэлье.” гэж өөрийнх нь хэлсэнээр “долоосон” байгаа юм. Үгүй мөн том долоолт шүү.

  Залуу халуун нас байна хэлэх гэснээ хэлсэн биз. Монгол төрийн залгамж халаа ч гэж бас бий. Зоригтой зүрхтэй хүн энэ цагт, энэ төрд хэрэгтэй байгааг хаа хаанаа мэдэх хэрэгтэй. М.Энхболд Ц.Сандуйгаа өмгөөлөх нь зөв. Тийм том мөнгө босгож өгсөн хүнийг төрсөн хүү шигээ хайрлах хэрэгтэй штэй. Цаг нь ирэхээр цаст уулын цагаан барс… яана гэдэг билээ. Нэгэнт буучихвал юунаас нь айх вэ дээ. Өндөрт байхад нь хулчийлгүй дуугарчихаад зэрэгцээд ирэхээр нь зугтана ч гэж юу байхав. Харин ч бүр Төрөөс, намаасаа хөөх тухай ярьдаг юм байгаа биз дээ. Тийм л болохоор У. Хүрэлсүхээс үхтлээ айж булан тохойд нуугдах шахам,  нэрийг нь сонсоод газраас чулуу шүүрэх шахам цочицгоож байна.

   Ер нь монголчууд, явж буйг бүү саатуул, ирж буйг бүү хөө… гэдэг дээ.

Г.Хан

zindaa.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …