Засгаа унагаж буй долоон концесс

Энэ Засгийн газрын нөхөд “мэргэжлийн” гэж өөрсдийгөө зөв тодорхойлсон нь, дуулиан шуугиан тариад байгаа долоон “Концессийн гэрээ”-ээс харагдана. Тэд үнэхээр “мэргэжлийн” луйврын Засгийн газрыг байгуулж чаджээ. Тэдний балгаар ард түмэн ирэх онуудад эдийн Засгийн хувьд хүнд ачаа үүрэхээр болоод байна. Засгийн газар шинээр байгуулагдахад МАН-ын УИХ дахь бүлгээс өмнөх Засгийн газруудын Концесстой холбоотой асуудлыг давтахгүй байхыг анхааруулж, төсөвт ачаалал нэмэхгүй байх чиглэлийг өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл дараа төлөх нөхцөлтэйгээр Засгийн газар худалдан авалт хийхгүй байхыг зөвлөж л дээ. Харамсалтай нь бүлгийн нөхөд нь хэнийгээ дээш өргөж суулгаснаа мэдсэнгүй.

Уг нь тэд Ман-ын бүлгээс өгсөн чиглэлийн дагуу 2016 оны наймдугаар сарын 17-ны өдөр Концессын төслүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай 37 дугаар тогтоол гээчээ гаргасан байна. Тогтоолд концессын зүйлийн жагсаалтад “барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэхээр тусгасан Улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй концессын гэрээг 2018 оны төсвийн жил хүртэл аливаа этгээдтэй байгуулахгүй байхыг заажээ. Энэ төрлийн концесс төсөвт асар их дарамт, ачаалал болдог байна. Харамсалтай нь хэдхэн сарын дараа буюу тухайн оны 12 дугаар сарын 7-ны өдөр төсөл хэрэгжүүлэх тухай 180 дугаар тогтоол гаргаж, өмнөх 37 дугаар тогтоолоо уландаа гишгэжээ. Засгийн газрын 2016-2020 он хүртлэх мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх нэрийн дор гаргасан 180 дугаар тогтоолоор Эрчим хүч, Зам тээврийн салбарт хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрийн жагсаалтыг баталж. Түүнд эрчим хүчний зургаа, зам тээврийн дөрөв нийт арван төсөл багтаасан байна.

Эдгээр төслүүдээ “түлхүүр гардуулах гэрээгээр”, өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлтэйгээр 2017 оны эхний хагас жилд багтаан гэрээ байгуулж, ажлыг нь эхлүүлэхийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Зам Тээврийн Хөгжлийн сайд Д.Ганбат, Эрчим Хүчний сайд П.Ганхүү нарт даалгасан байдаг. Алдарт долоон концессын эхлэл ердөө энэ. Зарим төсөл өмнөх Засгийн газруудын үед “Төрийн өмчийн концессын жагсаалт”-д багтсан гэдэг шалтгаанаар хасагдсаар өнөөдөр “Долоон концесс” хэмээн нэршиж үлджээ. Барих-Шилжүүлэх төрлийн Долоон концессын гэрээнээс “мэргэжлийн” Засгийн газрын тогтоолоор байгуулсан дөрвөн гэрээний мөнгөн дүн 345.0 тэрбум, өмнөх Засгийн газрынх 463.8 тэрбум, нийт 807,8 тэрбум төгрөгийн “бялууг”, “мэргэжлийн”-хэн босгож амжижээ.

Долоон концессын гэрээний дөрөв нь авто зам, хоёр нь эрчим хүч, нөгөө нь эрүүл мэндийн салбарын нэр дээр байна. Тэдний хоёрыг уралдаант шалгаруулалтын аргаар, бусдыг нь оролцогч шалгараагүй тул гэсэн “булаан эзлэлт”-ийн замаар байгуулжээ. Концессын тухай хуулийн 17,1,3 дахь заалт буюу “Шууд гэрээ байгуулах” гэдэг заалтыг үндэс болгон гэрээ байгуулж. Харин гэрээ байгуулсан валютын төрөл нь анхаарал ихээхэн татаж байгаа юм. Таван гэрээг ам.доллартай тэнцэх төгрөгөөр, хоёрыг нь төгрөгөөр тус тус байгуулжээ. Энэ нь “Төлбөр тооцоог Монгол мөнгөөр хийх” тухай Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байгааг ч тэд тоосонгүй. Дээрх долоон концессын гэрээний дөрөв нь “мэргэжлийн” Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан бол гурав нь өмнөх Засгийн газрын үеийнх гэдгийг тодотгох нь зөв байх. Харин одоо “мэргэжлийн” нөхдийн концессийн гэрээг нэг нэгээр нь тайлбарлахыг оролдоё.

Эдний эхэнд МАК гэдэг нэр дуудагдах нь. Ноён Н.Номтойбаярын нэр нүүр 78 тэрбум 752 сая төгрөгийг өөрийн эцгийн үүсгэн байгуулсан компанируу оруулахаар болж. “Оюутолгой-Цагаансуварга чиглэлийн агаарын шугам, дэд станц төсөл” дээрх мөнгийг “сорно” гэсэн үг. Уг нь Концессийн гэрээ нь Төрийн өмчид хамааралтай зүйл л дээ. Гэтэл Цагаансуваргын орд өмнөх Засгийн газрын үед “Стратегийн…” гэдэг жагсаалтаас туугдчихсан санагдана. Өөрөөр хэлбэл эднийх Төрөөр хувийнхаа бизнесийг үлэмж хэмжээгээр дэмжүүлэхийг санаархан гүйцэлдүүлж эхэлжээ.

Харин жагсаалтын хоёрдугаарт С.Бямбацогт сайдын Алтай трест ХХК 77 тэрбум төгрөгний концесс авсанаар бичигдэж байгаа юм. “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэлт” төсөлд эднийх гурваар гарч ирж байж. Түүний урд SANBIAN SCI-TECH, Монхорус ХХК-иуд шалгарч. Гэвч тэднээс Засгийн газар баталгаа байршуулахыг шаардаж, боломжгүй гэж үзсэн учир сайдын компани эрхээ авсан байгаа юм. Төрийнхөн ийм л том толгойтой. Гурваас шууд нэгээр гарч ирэх боломжийг Сайд хүн л бүрдүүлдэгийн тод жишээ энэ.

Гуравт нь ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат өөрөө туугаад ороод ирж байх жишээтэй. Дорноговь аймгийн Сайншанд сумыг Дэлгэрэх сумтай холбосон 130 км хатуу хучилттай автозамын төсөл” нийт 162,8 тэрбум төгрөг тийшээ урсана.

Тэдний араас нэр нь тодроогүй эзэдтэй дөрвөн төсөл шил шилээ даран үлдэж байгаа юм. Тухайлбал, “Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 300 ор бүхий Төрөх эмнэлгийн барилгын ажлыг дуусган, дэд бүтцийн барилга барих төсөл” /25 тэрбум 700 сая/, “Завхан аймгийн Сонгино сумаас Увс аймгийн Хяргас, Зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто замын төсөл” / 211 тэрбум, 373 сая/, “Булганы Дашинчилэн Орхоны гүүр чиглэлийн замын төгсгөлөөс Хөвсгөлийн Тариалан хүртлэх 120 км автозамын төсөл” /163 тэрбум 650сая төгрөг/, “Өмнөговь аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто замын “Шар тээг”-ийн уулзвараас Цогтцэций сумын төв хүртэлх 59,6 км хатуу хучилттай замын төсөл” зэрэг төслүүд ярайж байна.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Байгал Орчин Аялал Жуулчлалын сайд Д.Оюунхорол нарын нэр концессын гэрээний араас цухалзаж байгаа нь нууц биш. Мэдээж гэрээ хийж, ажлыг түргэвчлэх үүрэг хүлээсэн Эрчим Хүчний сайд П.Ганхүү, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нар энэ намагт лав шигдсэн нь гарцаагүй. Дээрх төслүүдийн эздийн талаар дэлгэрүүлэн хүргэх тул олныг үл нуршин энэ удаад түр орхиё.

Гаднаас аль хэдийн мөнгөө аваад ажлаа эхлүүлчихсэн дээрх төслүүдээс хэд нь хэний гарт очиж, мань сайд нар хэд хэдэн тэр бумыг тоолж үлдэхийг бурхан ч үл мэдэх биз. Гэхдээ эгчийнх нь, дүүгийнх нь, өөрсдийнх нь компаниуд төслийн гүйцэтгэгчээр ажиллаж байгаа нь ил боллоо.

Харин Улсын төсвийг дордуулах тухайд гэвэл Концессын эргэн төлөлтөд 2020 онд хамгийг их буюу 327,3 тэрбум төгрөг, 2021 онд 216,2 тэрбум төгрөг төлөх нь ард түмний нурууг хотойлгохоор харагдаж байгаа явдал юм. Түүн дээр өмнөх Засгийн газруудын үед байгуулаад, хэрэгжиж байгаа төслүүдийг нэмж тооцвол 2020 онд төсөвт 540 орчим тэрбум төгрөгийн ачаалал өгөх мэдээ байна. Эдгээр төслүүд Улсын төсөвт хүндрэл учруулахгүй гэсэн тодотголтойгоор гэрээ хийгдэж батлагдсан гэж байгаа. Одоо харин эздийнхээ хоолойг боож эхэллээ.

Улс орныг дордуулах долоон концессыг тойруулан дурдахад ийм байна.

Үргэлжлэл бий…

Г.Хан

www.zindaa.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …