Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар нь иргэдэд шуурхай үйлчлэх, шаардлагатай мэдээллийг нээлттэй байлгах зорилгоор 1882 тусгай дугаарыг ажиллуулж эхэлжээ. Энэхүү тусгай дугаар нь үйлчлүүлэгчдийн санал бодлыг сонсч мэргэжлийн зөвлөгөө өгөх юм байна.
Үйлчлүүлэгчид урьд нь зөвхөн ажлын цагаар тус дугаарт холбогдон мэдээлэл авдаг байсан бол автомат хариулагчтай болсноор хүссэн үедээ мэдээлэл авах боломжтой боллоо.
Иргэд энэхүү 1882 тусгай дугаарын автомат хариулагчаас Монгол, Англи, Хятад хэлээр виз, визийн зөвшөөрөл, хувийн урилга болон Монгол Улсад суралцах, хөдөлмөр эрхлэх, хөрөнгө оруулагчаар удаан хугацаагаар оршин суух, цагаач, манай улсын иргэнтэй гэр бүл болсон, Монгол Улсын иргэнээс төрсөн гадаад улсын харьяат хүүхэд, хувийн бусад зорилгоор оршин суугаа гадаадын иргэний тухай, хяналт шалгалт болон торгууль шийтгэврийн талаарх мэдээллийг авах боломжтой.
Хэрэв үйлчлүүлэгч мэргэжилтнээс зөвлөгөө, мэдээлэл авах бол зөвхөн ажлын өдрүүдэд өглөө 08 цагаас орой 17 цагийн хооронд лавлана уу гэж ГИХАЭГ-аас мэдээллээ.