Монгол Улсын Их Хурлын 2017 оны ээлжит бус чуулган өнөөдөр /2017.09.06/ нээлтээ хийлээ. УИХ-ын дарга М.Энхболд ээлжит бус чуулганыг нээж хэлсэн үгэндээ УИХ-ын нэр бүхий 30 гишүүнээс Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг 2017 оны наймдугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлснийг хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзэж УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж буйг онцолсон юм.
Тэрбээр “2016 оны УИХ-ын сонгуулиар МАН-д ард түмэн асар их итгэл хүлээлгэсэн. МАН ээлжит сонгуулийн үр дүнд үнэмлэхүй ялалт байгуулан УИХ-ын 65 суудлыг авч чадсан. Энэ удаагийн УИХ-ын сонгууль ард түмний итгэл, хүлээлт дээр суурилсан байсныг хэлэхийг хүсч байна. Сонгуулийн өмнөхөн Монгол Улсын эдийн засгийн өсөлт -1.6 хувьд хүрч, төсвийн алдагдал 1.2 их наяд төгрөгт хүрсэн, Монгол Улс төлбөрийн чадваргүйд тооцогдоход ойрхон байсныг Та бүхэн санаж байгаа биз ээ. Өнгөрсөн хугацаанд ОУВС-тай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлснээр Монгол Улсын санхүү, эдийн засгийн суурь үзүүлэлт сайжран гадаадын хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэл нэмэгдснийг дурдах нь зүйтэй. 2017 оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн бодит өсөлт 5.3 хувьд хүрч, өмнөх оны мөн үеэс дөрвөн пунктээр өссөн байна. Эдийн засаг сэргэх энэхүү байдал нь өөрөө аяндаа бий болоогүй. Энэ бүхэн төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг сайжруулж, төсвийн орлогын тогтвортой эх үүсвэр бий болгох, төсвийн сахилга хариуцлагыг чангатгах, зарлагын үр ашгийг дээшлүүлэх тал дээр Та бидний гаргасан бодлогын шийдвэр амжилттай хэрэгжсний үр дүн” хэмээлээ.
Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудал нь зөвхөн эрх баригч намын дотоод асуудал биш гэдгийг УИХ-ын дарга тэмдэглээд УИХ-ын гишүүн бүр асуудалд нухацтай, хариуцлагатай хандан төр засаг тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлэн улс орны өмнө хүлээгдэж буй нийгэм, эдийн засгийн илүү чухал асуудалд УИХ анхаарч ажиллах ёстой гэдгийг анхаарах шаардлагатайг онцлов.
Үргэлжлүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж, энэ талаархи Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав. Байнгын хороогоор тус асуудлыг хэлэлцэх үеэр хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дэмжээгүй талаар тэрбээр танилцуулсан.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Өнөөдөр хэлэлцэж буй саналыг УИХ-д өргөн мэдүүлэхээс өмнө Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Шадар сайд У.Хүрэлсүх нарын хооронд үүссэн гэх асуудлын талаар олон нийтэд хүрсэн. 2017 оны наймдугаар сарын 22-ны өдөр энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд албан бичгээр хүсэлтээ хүргүүлээд байгаа. Мөн есдүгээр сарын 01-ний өдөр Тусгай хяналтын дэд хороонд дээрх асуудлыг хэлэлцэн, үүссэн нөхцөл байдлыг тодорхойлж өгнө үү гэдэг хүсэлт гаргасан. Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлаар УИХ ямар ч шийдвэр гарсан Ерөнхий сайд, Шадар сайд нарын нэр холбогдоод буй асуудлыг эцэслэж, холбогдох Байнгын хороо болон дэд хороодоор хэлэлцүүлж өгнө үү гэдэг хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлж байна” гэв. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын уг саналыг анхаарч үзэх нь зүйтэй гэдгийг УИХ-ын дарга М.Энхболд хэллээ.
Дараа нь УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын саналыг хүндэтгэн үзэх нь зүйтэй хэмээгээд Ерөнхий сайд, Шадар сайд нарын нэр холбогдоод буй асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэн, түүнд үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлаар шийдвэр гаргах шаардлага байгаа тул Тусгай хяналтын дэд хороо хуралдах хүртэл хугацаанд УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авч буйг хэлэв. УИХ-ын дарга М.Энхболд УИХ дахь МАН-ын бүлэгт завсарлага өгөхөөр шийдвэрлэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.