ОХУ-ын Владивосток хотод болж байгаа Дорнын эдийн засгийн форумд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ өчигдөр бараалхав.
Уулзалтад Монголын талаас Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Ерөнхийлөгчийн Монгол Улс, Япон Улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан бие төлөөлөгч Д.Дагвадорж, Япон Улсын талаас Гадаад хэргийн сайд Т.Коно болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Уулзалтын эхэнд Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад баяр хүргэж Японы үндэсний спорт жүдо бөхөөр хичээллэж амжилт гаргасан Японы түүх соёлыг хүндэтгэдэг хүн хэмээн үзэж байгаагаа илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ жил тохиож байгааг дурдаад хоёр орны хамтын ажиллагааг улам бүр эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Япон улсын дэмжлэгээр ноос, ноолууран бүтээгдэхүүний “Говь” үйлдвэр, Дархан төмөрлөгийн үйлдвэр, Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал, Нарны гүүр гэх мэт олон том бүтээн байгуулалт хийгдсэн нь монголчуудад ихээхэн үр өгөөжтэй хөрөнгө оруулалт байсныг онцлоод Шинэ нисэх буудал байгуулах ажил эхлэх, Нарны гүүрийг барьж байгуулах үед салбарынх нь сайдаар ажиллаж онцгойлон анхаарал хандуулж байснаа дурдлаа. Монгол Улсад аж үйлдвэр хөгжүүлж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эдийн засгаа тэлэх бодлогын хүрээнд дэд бүтэц болоод боловсруулах үйлдвэрийн салбарт Япон улстай ойр дотно хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн ОХУ, Япон улстай хамтарсан аж ахуйн нэгж байгуулж, Тавантолгойн сайн чанарын коксжих нүүрсийг дэлхийн зах зээлд гаргах зорилгоор Алс Дорнодын бүс нутагт боомт байгуулан ажиллах санал тавьж ярилцав.
Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ батлан хамгаалах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, НҮБ болон Зүүн хойд Азийн бүс нутаг түүний дотор Солонгосын хойгийн асуудлыг шийдвэрлэхэд нягт хамтран ажиллах саналууд тавьж ярилцав. Мөн Япон улсын Засгийн газраас Монгол Улсад 850 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэснээ дурдаж Монгол Улс далайд гарцтай болох, эдийн засгийн харилцаагаа тэнцвэржүүлж, тэлэх бодлого баримталж байгааг дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Мэдээний дүрсийг доорх хаягаар үзнэ үү
president.mn