Чи зураг авах дуртай юу? Гар утсаараа зураг авч, Instagram, Facebook, Snapchat-дээ хийж хөгжилддөг л биз дээ? Тэгвэл бид гар утсаараа хэрхэн сонирхолтой зураг авах тухай зөвлөмжийг хүргэж байна.
Гурвалын хууль: Авч байгаа обьектоо дэлгэцийнхээ 1/3-д байхаар тохируулаад зургаа дараад үз. Ингэж дарсан зураг маш гоё зохиомжтой гардаг.
Сүүдэр зураг: Зургаа авахдаа гэрлийн өөдөөс аваарай. Авч байгаа зүйл чинь сүүдэрлэж гарах болно. Сүүдэр зураг дарахад хэцүү зүйл байхгүй хэрнээ мэргэжлийн зурагчны авсан зураг шиг л гарна.
Macro: Энэ арга нь зураг авч буй обьектоо маш ойроос авна гэсэн үг юм. Жижиг хэмжээтэй зүйлийн зургийг дарахдаа Macro аргыг хэрэглэх нь илүү тохиромжтой. Зуны цэцэгс, шавж хорхойны зургийг дарахдаа энэ аргыг туршаад үзээрэй.
Үсэрч зураг авхуулах: Нэг хэвийн уйтгартай зургуудаас үсэрч зураг авхуулах нь хамаагүй илүү сонирхолтой, бас хөгжилтэй. Туршаад үзээрэй. Чамайг лав уйдаахгүй.
Filter: Filter-үүдийг төрөл бүрээр сольж зураг дарах нь чамаас чадвар шаардаад байхгүй, амархан хэрнээ сонирхолтой арга шүү. Filter-ээс шалтгаалан зураг орчин цагийн, дээр үеийн, заримдаа бүүр дундад зууны зураг ч гэж харагддаг. Донжыг нь тааруулж filter-лэсэн зураг илүү загварлаг харагдах нь ч бий.
Нарны шил ашиглах: Нарны шилээ гар утасныхаа камерын урд бариад зураг дараад үзээрэй. Чиний төсөөлөө ч үгүй зураг гарна шүү. Тодоос бүдгэрсэн уусалттай шил байвал илүү тохиромжтой.
Эцэст нь хэлэхэд, гоё зураг дарахад заавал үнэтэй, мэргэжлийн камер байх шаардлагатай биш шүү. Хамгийн гол нь зураг авах арга барил, мэдрэмжинд суралцаарай. Амжилт хүсье.