65-ын бүлэг Засгийн газраа унагав. Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан МАН-ын гишүүд шинэ Засгийн газарт орж ажиллахгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Тэгэхээр шинээр бүрдэх Засгийн газарт хэн орж ажиллах вэ гэдэг нь тун ихээр сонирхол татаж байгаа юм.
МАН-ын удирдах зөвлөл өчигдөр даруухан хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигчдийг тодруулсан тухайгаа мэдээллээ. 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр МАН-ын бага хурал хуралдана. Энэ хурлаар Ерөнхий сайд болон намын даргыг сонгох юм байна. Тэгвэл өчигдрийн даруухан хуралдаанаар Ц.Нямдорж, Н.Энхболд, У.Хүрэлсүх нарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болжээ. Эдгээр гурван хүний хэн нь Бага хурлаас дэмжлэг авснаар Засгийн газар хэрхэн бүрдэх вэ гэдгийг тодорхойлох юм.
УИХ-ын зарим гишүүд Засагт орж, сайдаар ажиллах хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийлээд эхэлсэн. Мөн огцорч буй Засгийн газраас ч сайдын албан тушаалаа үргэжлүүлэн хийх сонирхолтой хүмүүс цөөнгүй байгаа аж. Гол нь хэн Засгийн газар гэх завины ахмад болох вэ, Тэр хүн л багаа бүрдүүлэх юм.