У.Хүрэлсүхийн дайснаа дарах цаг

Улс төрд уухай хашгираад босоод ирэхээрээ сүйд хийчих шахдаг нэг хүн бий. Түүний тухай өнөөдөр хэлтэй бүхэн жиргэж, амтай бүхэн ярьж байна. Нэрийг нь Хүрэлсүх, хочийг нь Топор гэнэ. Дараагийн Ерөнхий сайд, цаашлаад эрх баригч намын дараагийн дарга болох хамгийн өндөр магадлалтай хүн гэж дуулдаж байна.

МАН-ын дотоодод үүссэн нүргээн бол яг үнэндээ түүнээс эхтэй. Бүх эрх мэдлийг гартаа зангидаж, ЦЕГ, ТЕГ, АТГ, прокурорын байгууллагыг бүрэн эрхшээсэн хүчний эсрэг тэр зоригтой хөдөлсөн. Үр дүнд нь нэг жигүүрийг нь бут цохилоо. 60 тэрбумынхан гэж нэрлэгдсэн бүлэглэлийн Засгийн газрыг огцруулж чадсаныг нь хэлж байна.

 Өндрөө аваад хөөрч байсан бүргэдийн жигүүрийг тас харваж унагалаа, эсвэл идшээ харан дүүлэн харайж явсан идэр ирвэсийн хойд хөлийг хуга буудлаа… Энэ зүйрлэл хэт хөөрүү сонсогдож байж мэднэ. Гэвч тэр ямар хүчний эсрэг сөрж, ямар үнэ цэнэтэй ялалт байгуулсныг нь бодолцвол тийм ч хөөргөн санагдахгүй. Ээ базарваань, үнэндээ бол эрх баригч намынхаа удирдлагын эсрэг, өөрийн талынхныхаа эсрэг, аль өнгөтэй өөдтэйг хамж шимсэн бүлэглэлийн эсрэг сөрнө гэдэг хэр баргийн хүний хүү зүрхлэх тэмцэл биш.

Үе үеийн дарга нартай тэрсэж, тэрсэхдээ намын төлөө, ард олны төлөө тэрсэж явсан У.Хүрэлсүх өнөөдөр өмнөхөөсөө илүү хүчтэй дайсантай нүүр тулгарсан. Тэр нь үзэгдэх дүр нь М.Энхболд гэж харагдаж буй ч мөн чанартаа бол өнгөрсөн 12 жилийн турш бүрэлдэн бий болсон МАНАН бүлэглэл юм. Энэ бүлэглэлд М.Энхболдоос гадна намынх нь хамгийн хүчтэй лидер С.Баяр, мөнгөний машин, мафи маягийн хор найруулж суудаг Т.Бадамжунай, Монгол Улсын экс Ерөнхийлөгч, зальжин хорчин Ц.Элбэгдорж нар багтдаг. Тэдний шунал Монголын улс төр, эрх мэдлийг хязгааргүйгээр уламжлан захирч, Монголын газрын доорх баялгийг цөлмөж дуусах хорт төлөвлөгөөг хэрэгжүүлж байсан юм. Энэ нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрын олон шийдвэрээр нотлогдож, бас нотлогдохоор зэхэж байсан билээ. Оюутолгойг нохойн замаар оруулсан энэ бүлэглэл дараачийн зоогоороо түүнээс ч дутахгүй том орд болох Хармагтайн ордыг онилоод байсан нь илэрсэн. Монголын улс төрд салхи савир оруулахгүй л бол эрх мэдэлтнүүдийн шуналын тулам дүүрэхгүй нь ийнхүү тодорхой болсон байлаа. Тус бүлэглэл Оюутолгой, Цагаан суваргын ордыг зарж идсэн. Тэд төрийн албыг зарах замаар 60 тэрбумыг хэрхэн туламлах тухай ярьж байсан бол сайд нарын концессын гэрээгээр 800 сая, цаашлаад бүхэл бүтэн Монголын баялгийг цөлмөх талаар бодож байжээ. Хармагтайн ордын талаар монголчууд бараг л мэдээгүй, дуулаагүй байсан нь МАНАН бүлэглэлийн аюул занал ямар чимээгүй гэтэж байсны нотолгоо. Эрх мэдэлтнүүд тус ордын хувь заяаг ард олноос аль болох далд байлгаж, хөшигний ард нууцаар зооглох санаархалтай байсан гэсэн үг.

Газрын доорх баялаг бол ард түмний өмч гэж Үндсэн хуулиндаа хүртэл заачихсан улс хэрнээ ард түмэн баялгаа мэдээгүй байсан нь тун гунигтай мэдээ юм. Хармагтайн ордыг гудсан доогуур гулгуулах гэж байсны хамгийн том баримт нь Ж.Эрдэнэбатын байгуулахаар зэхэж байсан Тогтвортой байдлын гэрээ билээ. Тогтвортой байдлын гэрээ гэгчээр Монголын баялгийг гадныханд худалдаж, дундаас нь маш их хэмжээний ашиг хүртдэг энэхүү танил зохиолын автор нь Ц.Элбэгдорж. Өдгөө тэр ярьж буй МАНАН бүлэглэлийн гишүүн болсон нь санамсаргүй тохиолдол ч биш. Бороо гоулд, Цайрт минерал, Нарийн сухайт, Оюутолгойн тогтвортой байдлын гэрээний ард энэ эрхэм, цаашлаад энэ бүлэглэл байсан гэдгийг олон нийт одоо гадарлаж эхэлжээ. Ингээд энэ мэт шуналаа гүйцэлдүүлэхийн тулд тэдэнд эрх мэдэл хэрэгтэй. Эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд хууль, хүч, албан тушаал хэрэгтэй.

Тийм учраас Монголын хууль, хүчний байгууллагын толгойд өөрсдийн гар, хөлийг шургуулж, зөвхөн бүлэглэлийнхээ эрх ашгийн төлөө ажиллуулж эхэлсэн нь эмгэнэлтэй. Үүнд нотолгоо, баримт өч төчнөөн. 60 тэрбумын бичлэг байсаар байтал хэргийг хэрэгсэхгүй болгож, бүх баримтыг үл тоож чадсан. Тэр байтугай, У.Хүрэлсүхийг өөрийгөө тагнасан, чагнасан болгон хувиргаж дөнгөсөн. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Ц.Элбэгдоржийн толгойлсон шударга бусын хонгил цагдаа, прокурорын байгууллага, АТГ, ТЕГ-ыг улс төрийн зорилгоор ашиглаж байна” гэж мэдэгдэж байсан. Ерөнхий сайд байхдаа шүү дээ. Энэ бүлэглэлтэй эцсээ хүртэл тэмцэнэ гэдгээ ч хэлсэн. Гэвч ялагдал хүлээсэн юм. Засгийн газар нь огцорч, өөрөө АТГ-т байцаагдаж эхэлснээр хэрэг явдал шувтарсан. Ер нь энэхүү бүлэглэлийг нэр цохож, ил тод зарлаж, тэмцэл өрнүүлсэн улстөрчдийг цагдаа, тагнуул, шүүх, прокурорын байгууллагаар дарж авдаг жам ёс сүүлийн жилүүдэд тогтоод байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр бол хамгийн бодитой жишээ, уг бохир жам ёсыг биеэрээ туулсан улстөрч. Удаахь золиос нь Н.Алтанхуяг, Х.Баттулга нар байсан.

Өнөөдөр энэ систем У.Хүрэлсүхийг нухчин дарахаар сүүлчийн эрэг шургаараа хүчлэн ажиллаж байна . Учир нь У.Хүрэлсүх тус бүлэглэлд хамгийн хүнд ялагдлыг амсуулчихаад байгаа, дараагийн том ялагдлыг амсуулж мэдэх нэг номерын дайсан нь болчихоод байна.

У.Хүрэлсүх намынхаа хурал дээр М.Энхболдод хандан “Гурваар гарч нам шившиглэчихээд буруугаа бидэнд чихэх гэж байгаа бол хүлээж авахгүй! Буруу хүн дэвшүүлж болохгүй гэсээр байтал өөрөө шунаж байж намын нэр хүндийг шороотой хутгасан чамтай харин хариуцлага тооцно, намыг хагалан бутаргаж хүчийг нь барсан хүн бол чи өөрөө шүү” гэж хэлснээр тэмцэл эхэлсэн. Ямар ч хувьсгал, аль ч тэмцлийг нунж дорой, сул даруу нэгэн хийдэггүй учраас У.Хүрэлсүхийн одоогийн ялалтыг үнэлэх ёстой.

Энэхүү нийтлэлээрээ У.Хүрэлсүхийн дайсан М.Энхболд, эсвэл М.Энхболдын дайсан У.Хүрэлсүх гэдгийг зарлах, нотлох гэсэнгүй. Гагцхүү тэмцэл байгаад, түүнээс үүдсэн ялалт ялагдал гэж байгаа бол хоёр талын аль нэг нь манай тал, нөгөө нэг нь дайсны тал л байж таарна шүү дээ.

Энэ удаа У.Хүрэлсүх аль ч талаар нь бодсон манай талын баатар шиг санагдаж байна. Нам дамжсан бүлэглэл, олигархи тогтолцооны эсрэг сөрөн зогсож, нэг нам, журмын нөхөр гэж тал тохой таталгүйгээр тууштай тэмцэж чадаж байна. ӨнөөдөрУ.Хүрэлсүхийн дайсан Монголын дайсан болж хувирсан учраас монголчууд хэдийнэ нэг талд гарч зогсжээ. Тиймээс ч яг одоо өрнөж буй улс төрийн цагийг У.Хүрэлсүхийн дайснаа дарах цаг гэж төлгө буулгаж байгаа нь энэ ээ.

Д.Дамдинжав

WWW.ZINDAA.MN

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …