“Жаст” группийн захирал Ш.Батхүүд УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгээд багагүй хугацаа өнгөрч буй.
Түүнийг хуурамч бичиг баримт үйлдэн “Эрдэнэт” үйлдвэрт их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутган шалгаж байгаа юм.
Тэрбээр УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэлтэст өнгөрөгч долоо хоногт мэдүүлэг өгөхдөө “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулж, “Стандарт” банкнаас олон сая ам.долларын зээл авахдаа Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар болон “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг хоёын гарын үсгийг засаж янзалсан” хэмээн мэдүүлжээ.
“Жаст” группийн захирал Ш.Батхүү 2009 онд Английн “Стандарт” банкны Өмнөд Африк дахь салбараас “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулж нийт 109 сая ам.доллар зээлсэн гэж мэдэгдээд байгаа. Тэгвэл “Жаст” группийн захирал Ш.Батхүү ч биш “Эрдэнэт” үйлдвэрийн хуучин удирдлагууд “Стандарт” банкнаас 160 сая ам.долларын шууд зээлийн гэрээ байгуулсан тухай баримт гарч ирсэн юм.
Дашрамд дурдахад “Жаст” группийн захирал Ш.Батхүү зээлийн баталгаа гаргуулах албан бичгийн гарын үсгүүдийг хуурамчаар үйлдсэн хэмээн мэдүүлсэн ч “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг нарын хэсэг бүлэг хүмүүс Хонконгийн банкинд данс нээж “Стандарт” банкнаас зээлсэн мөнгөө шилжүүлэн авсан тухай баримт УМБГ-т иржээ.
Өөрөөр хэлбэл “Стандарт” банкнаас “Эрдэнэт” үйлдвэрийнхэн өөрсдөө 2009 оны гуравдугаар сард, 2010 оны тавдугаар сард, мөн есдүгээр сард, 2011 оны тавдугаар сарын 3-нд гэх мэтчлэнгээр хэд, хэдэн удаагийн үйлдлээр Хонконгийн банкинд нээсэн дансаараа дамжуулан зээлээ авсан гэх эх мэдээлэл байсан юм.
эх сурвалж: ийгл.мн