МАХН-ын Ц.Шаравдоржтой ураг төрлийн холбоотой гэгддэг Ө.Энхтүвшин Ерөнхий сайд болох хүсэлтэй гэнэ. Улстөрчийн хүүхэд л улстөрч болох ёстой юм уу гэж шүүмжилж бичсэн өдөр тутмын сонины ерөнхий эрхлэгчид эвгүй аяглаж явсан улстөрч шүү дээ. Ц.Шаравдорж ч МАН, МАХН-ыг “эвлэрүүлнэ” гэж уртаас урт захидал бичиж байсан удаатай. Н.Энхбаярыг дагаж гүйснийхээ буянд эхнэрээ УИХ-д намаас нь нэр дэвшүүлсэн ч удаатай. Нэгэн цагт МАН-ын дарга явсан Ө.Энхтүвшин “МАНАН” бүлэглэлийн төлөөлөл гэж харагдаад эхэллээ. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинд МАН-ын дарга, Боловсролын сайд хийсэн үе бий. МАН-ын дарга байхдаа Б.Бат-Эрдэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж, дараа нь “Том намын даргыг мөнгөтэй хүн хийдэг юм байна” гэж МАНАН бүлэглэлийн М.Энхболдод ажлаа хүлээлгэж өгсөн. Өнөөдөр Ерөнхий сайд болохын тулд намынхандаа хандаж дахиад уртаас урт захидал бичжээ. Намаа хагалж “жигүүр байгуулсан”, дараа нь “Элсний 13”-ыг толгойлж Засгийн газраа унагаасан. Өөрөө л нэр цэвэр гэгдэж үлдсэн болохоос өгөөж нь ард түмэн, Ардын нам хоёрт тусаагүй юм. УИХ дахь МАН-ын 65 бүлгээс хэд нь Ө.Энхтүвшинг дэмжих вэ. Бараг 40 гишүүн нь У.Хүрэлсүхийг дэмжихээ мэдэгдлээ. Түүнийг захидал бичихээс өмнө гарсан шийдвэр. Цаана нь 25 гишүүн үлдсэн. АН-ын ес, МАХН-ын О.Баасанхүү, бие даагч С.Жавхлан дэмжээд ч түүнд Ерөнхий сайд болох боломж харагдахгүй байна.
“Монгол Улс нэн эгзэгтэй цаг үеийн өмнө тулж ирлээ. Иймд МАН Бага хурлаа хуралдуулж, Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулна. Манай нам ямагт улс орныхоо нэгдмэл эрх ашгийн төлөө нэгэн зорилго дор нэгдэж чаддаг түүхэн уламжлалаа энэ удаа ч хадгална гэдэгт миний бие эргэлзэхгүй байна” хэмээн захидалдаа тодотгожээ. Цагтаа МАН-ын лидерүүдийн нэг явсан эл эрхэм нэг килограмм мах 1200 төгрөгийн үнэтэй гэж Д.Сүхбаатарын талбай дээр болсон цуглааны үеэр хэлж иргэдийнхээ зэвүү, дургүй хоёрыг зэрэг хүргэсэн ч удаатай.
Тэр өнөөдөр МАН-ыг ард түмний өмнө жижиг нам гэж дооглон тохуурхаж байна. “Монгол Улсын Ерөнхий сайд аль нэгэн бүлэг, фракцын төлөөлөл байх учиргүй. МАН том нам мөн боловч, ард түмнийхээ дунд бол цөөнх. Иймд Монгол Улс, нийт ард түмний нийтлэг эрх ашгийг хамгаалж чадах, тэдний итгэлийг хүлээх нэгнээ Ерөнхий сайдад нэр дэвшигчээр тодруулах учиртайг гүнээ ухамсарлах үүрэгтэй” гэж бараг л тушаажээ. Төр засаг, намын өмнө ийм амаргүй цаг үе тулж ирчихээд байхад, 20 гаруй жил төрд зүтгэж, УИХ-д тавантаа сонгогдож, МАН-ын даргаар ажиллаж байсан миний бие гаднын зочин мэт гар хумхин хөндлөнгөөс хараад суух эрхгүй гэж өөрийгөө хурцаллаа хэмээн тодотгохоо ч мартсангүй. Ө.Энхтүвшин МАН-ыг яаж шинэчилж, 20 гаруй жилдээ Монголын ард түмнийг байтугай Хөвсгөлийнхөө иргэдийг олигтой амьдруулж чадсан уу. Коммунист дэглэмтэй ч авлигачдаа “луу”, “үнэг”, “ялаа” гэж ангилаад хатуу шийтгээд байгаа БНХАУ-ын Коммунист намаас насаар ах “МАН” жижиг нам биш. Жижиг харагдуулаад байгаа нь “МАНАН” бүлэглэл. Түүнээс ангижрах гэсэн У.Хүрэлсүх, Ц.Нямдорж нарыг авлигачид гэх нь үү.
МАН-ыг цагтаа сайн удирдаж чадаагүй түүнд Монгол Улсын Засгийн газрыг тэргүүлээд явах чадамж бий юу. Нэг килограмм мах хэдэн төгрөгийн үнэтэйг мэддэггүй эгэл жирийн амьдралаас хэтэрхий тасархай, МАН-ыг даргалж чадаагүй Ө.Энхтүвшин шүү дээ.
Д.Дорж
factnews.mn