Ийм асуулт МАН-ын гишүүдийн дунд тарж байна. Ерөнхий сайдын суудалд суухаар зүтгэж байгаа горилогчдын тэргүүн эгнээнд нэрээ дэвшүүлээд явж Ө.Энхтүвшингийн хувьд тийм ч нэр хүндтэй лидер биш. Гаалийн Баатараас байр хахуульд авсан хэргээр шалгагдаж, багагүй дуулиан тарьж байсан Ө.Энхтүвшин Ардын намын “Гомдогсодын бүлэг”-ийг байнга тэргүүлдэг. Түүнд албан тушаал л өгөхгүй бол тэрээр гомдож бухимдаж эхэлдэг нэгэн. Уг нь МАН-д томилгоо, сонгууль болгонд нэр нь дуулддаг, намын дарга, салбарын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, бүлгийн дарга гээд боломжтой бүхий л албан тушаалд хүрч байсан ч түүний хүсэлд хязгааргүй.
2004 оны сонгуульд намаа төлөөлөн оролцоод өвдөг сөхөрч, албан тушаалтны зөөлөн сэнтийгээс түлхэгдсэн Ө.Энхтүвшин тэргүүтэй хэсэг хүмүүсийн МАН-д хуучнаар МАХН дотор “Уламжлал- шинэчлэл, ардчилал-шударга ёс” хэмээх жигүүр байгуулж байв. Жигүүр байгуулах санаачлагыг гаргасан Ө.Энхтүвшин удирдлагыг гартаа авч, үүнийхээ үр дүнд Боловсрол соёл шинжлэх ухааны сайдаар томилогдсон түүхтэй. Гэвч удалгүй Ө.Энхтүвшин Н.Энхбаярын хатгаасаар “Элсний 13” гэгч бүлэг байгуулж, намын дарга М.Энхболдыгоо унагах ажлыг гардан зохион байгуулж байлаа.
Ө.Энхтүвшин тэргүүтэй “Элсний 13” нам дотроо бослого гаргаж, М.Энхболдыг МАХН-ын XXY Их Хурлаар Намын даргаас нь, улмаар Ерөнхий сайдаас нь давхар буулгаж авч байсан түүхтэй. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших, төрийн тэргүүн болох байсан хүсэлтэй Ө.Энхтүвшин 2012 онд МАН-ын даргын ажлыг өнөөх л “Элсний 13”, “Уламжлал- шинэчлэл, ардчилал-шударга ёс” хэмээх жигүүрийн хүчээр олж авсан. Тэрээр намын дарга болсон учраас Ерөнхийлөгчид нэр дэвшээд гарч ирнэ гэж тооцож байсан ч Б.Бат-Эрдэнэ аваргад ялагдав. Гомдож тунирахсан Ө.Энхтүвшин намын даргын ажлаа орхиод тэр чигээрээ алга болж байлаа.
Сонгууль болж, Б.Бат-Эрдэнэ ялагдав. Өөрийг нь нэр дэвшүүлээгүй, тэгээд ч бүхий л сонгуульд ялагдсан МАН-ын даргаар ажиллах хүсэл Ө.Энхтүвшинд байсангүй. Тэрээр хариуцлаг хүлээх нэрээр ажлаа өгөөд л алга болсон. Харин өнөөдөр эрх барьж байгаа намдаа тэр учиргүй хайртай хүний дүр эсгэж, Ерөнхий сайдын суудал руу зүтгэж байна. Ялагдсан ч, ялсан ч байнга гомдоллож, өөрт нь албан тушаал хүртээхгүй бол жигүүр ургуулж явдаг Ө.Энхтүвшинг өнөөдөр Ерөнхий сайд болохоор зүтгэж байгаад намын гишүүд нь дургүйцэж байна.
shudarga.mn