Өнөөдөр Монголын улс төр тэр дундаа МАН-ын хувьд онцгой өдөр. МАН-ын нөхөд бага хурлаараа шинэ Засгийн газрын Ерөнхий сайдын нэр олонд ил болгох юм. Монгол улсын 30 дахь ерөнхий сайд хэн байвал зохилтой талаар олон түмэн ч дор дороо санаа бодлоо уралдуулсаар. У.Хүрэлсүх, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар Ерөнхий сайдад нэр дэвших тухай өмнөх өдрүүдэд яригдаж байв. Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин шинэ Засгийн газрыг толгойлох “санаархалтай”-гаа олон нийтэд зарлав. Харин бусад нь чимээгүй байсаар МАН-ын бага хурлын өдөртэй золгож, Тусгаар тогтнолын ордныг зорин хуралдахаар орлоо. Чухам энэ л цаг дор тэд хэн нь хэн бэ гэдгээ хэлэлцэн Ерөнхий сайдын сэнтийд залрах замыг нь засаж, суудалруу нь дөхүүлэх юм.
Энэ гурван хүнээс хамгийн ихээр онцлогдож байгаа нь мэдээж У.Хүрэлсүх. МАН-ын “Хотын фракцынхан”, У.Хүрэлсүхийг сөрчихөөр нэр цэвэр хүнгүйдээд дээрх хоёр эрхэмийг сонгон зүтгүүлж байгаа тухай яриа газар авсан нь ортой биз. Сэтгэл зүрхнийхээ дуудлагаар, улс эх орныхоо төлөө Ерөнхий сайдын суудалд хүрэх чин санаа өвөрлөсөн нь гагцхүү У.Хүрэлсүх болж таарч байх шиг. У.Хүрэлсүхийг хэрэв МАН-ын нөхөд нь дэмжээд, итгэл хүлээлгэвэл бодлоготой, шийдэлтэй Ерөнхий сайд байх дүр зураг бий.
Шадар сайдаар ажиллаж байх хугацаандаа тэрээр шийдэмгий алхам олныг хийсэн. Байгалийн гамшигаас эхлээд улс эх оронд тохиолдсон хүнд, хэцүү бүхнийг даван туулах үйлсэд ард иргэдтэйгээ мөр зэрэгцэн оролцож байв. Мөн баяр бахдлыг ч хуваалцаж хамт байсан. Улсын наадмын зохион байгуулах комиссын даргаар ажилласан тэрээр, наадамчдын сэтгэлд нийцсэн, уяач, уралдаанч, бөх, харваачдын сэтгэлийг тэнийлгэсэн шийдвэртэй алхамуудыг хийсэнийг хэн хүнгүй мэднэ. Өнөөдөр бидэнд улс эх орныхоо төлөө зоримогхон шийдээд, ухаантайхан алхам хийчих аавын хүү хэрэгтэй. Өөртөө итгэлтэй тэрээр хэрэвзэ алдаа гаргавал хариуцлагаа ч үүрсэн шиг үүрдэг, хэлсэндээ хүрдэг хүн.
МАН 2012 оны УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсний бурууг тэр дан ганц өөртөө тохоод, намын нөхөддөө урагшаа харж ажиллах боломжийг бүрдүүлж өгч байв. Зангарагтайн хувьд ч тэр хариуцлагтайн хувьд ч тэр У.Хүрэлсүх Ерөнхий сайдын сэнтийд суувал зохих хүн юм. Ө.Энхтүвшин гишүүн харин МАН-ын даргын албыг хашиж үзсэн хүн. Гэхдээ албаа сайн, муу хашсаныг нь нэгэнт ялгаж салгаад, МАН-ын гишүүд түүнийг даргын өндөр албанаас нь буулгаж байв. Дахин түүнд итгэл үзүүлж, хариуцлага хүлээлгэх нь юу л бол. Н.Энхболд гишүүнийг мөн л олон талаас нь харж, олон янзаар дүгнэж байгаа.
Гэхдээ энэ хоёр гишүүний дэргэд У.Хүрэлсүх нь үзэл бодол, байр суурь, бодлого, шийдэлд хүрэхийн тал дээр тусгаар тогтночихсон улс төрч юм. Түүнийг тархийг юугаар ч угаагаад бусдад автахаасаа өнгөрсөн гэсэн үг л дээ. Түүгээрээ Ерөнхий сайдад өрсөлдөж буй хоёроосоо гоц ялгарч байгаа нь илт. Одоо түүнд дэмжлэг чухал. МАН-аас УИХ-д суудалтай гишүүдээс Ц.Нямдоржоос эхлээд 40-өөд гишүүн түүнийг дэмжихээ илэрхийлсэн нь У.Хүрэлсүхийн мөн чанарыг олж харсаных биз. Өргөсөн тангараг, өөрийн улс, өнөр түмэндээ үнэнч хүн Ерөнхий сайдаар сонгогдох аваас Монголын ард түмэн нуруу тэнэгэр, тэргүүн өргөж, магнай хагартал баярлах билээ. Өнөөдөр ямартаа ч улс төрөөс МАНАН туугдана гэж олон түмэн итгэн хүлээж байна.
З.Говьсайхан
www.zindaa.mn