Монгол Улсын 30 дахь буюу шинэ Ерөнхий сайд өнөөдөр МАН-ын Бага хурлаас албан ёсоор нэрлэгдэнэ. У.Хүрэлсүх, Н.Энхболд, Ө.Энхтүвшин нар Ерөнхий сайдад өрсөлдөж байна.
Ө.Энхтүвшин
МАХН-ын сэргэн мандалтын эхэн үе гэж тодорхойлж болох 1996-2000 онд Н.Энхбаярын дэргэд Ө.Энхтүвшин байсан. Ө.Энхтүвшин тэр үед улс төрийн ажлын мэдлэг, туршлага, намын гишүүдтэй ажиллах арга барилын хувьд Н.Энхбаяраас хавьгүй илүүгийн хувьд түүнд заах, зөвлөх, түшиж тулах гол нөхөр нь байсаар ирсэн. Н.Энхбаярыг Парламентад сөрөг хүчин болсон намаа эрчтэй, зоригтой бас шийдмэг алхам, хувь хүнийхээ арга барилаар зангидаж, МАХН-ын туг нь болж байх үед нарийн бичгийн дарга, хотын намын хорооны дарга Ө.Энхтүвшин түүнээс илүү тодорч, алдаршиж, хүмүүсээр хүрээлүүлж болох байсан мэт. Гэвч тэр МАХН-ын ялалт, мандан бадралын он жилүүдэд Н.Энхбаяртай эн зэрэгцэх, өөрийгөө үнэлүүлэх гэж улайралгүй, эрч хүчтэй залуу насаа хөшигний ард үлдээсэн. Ийнхүү угаас дотогшоо, асуудалд илүү нухацтай, энэ хэрээрээ хүлээцтэй Ө.Энхтүвшин даруулгаа тааруулж, өөрөө бүдгэрсээр иржээ. Түүнийг сайн ойлгохгүй хүмүүсийн нүдээр бол Ө.Энхтүвшин нэлээд хямсгар хүн мэт л санагдана.
Ө.Энхтүвшин 2000-аад оны эхэн үеэс МАХН-ын дарга Н.Энхбаяраас зай барьж, намаа шинэчлэх жигүүр байгуулан тэмцэж байлаа. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр ялагдал хүлээхэд Төрийн ордноос ганц Ө.Энхтүвшин л баглаа цэцэгтэй үдсэн гэдэг. 2012 онд МАН-ын дарга болсон хойноо ч салж одсон МАХН-аа Н.Энхбаяртай нь цуг МАН-тай нэгтгэх үл гүйцэлдэх санаагаа биелүүлэхээр зүтгэсээр л байсан билээ.
Тэрбээр МАН-ыг УИХ-ын 2012 оны сонгуульд ялагдсаны дараа намын даргаар нэг жил ажиллаад өөрийн халааг М.Энхболдод өгсөн бол М.Энхболд түүнийг энэ удаа Ерөнхий сайдад дэмжиж байгаа.
У.Хүрэлсүх
Магадлалын хамгийн өндөр цэг дээр зогсож буй эрхэм. Төлөв түвшин, нуруутай гэх имижийг бүрдүүлсэн МАН-ын үе үеийн лидерүүдэд хүлээн зөвшөөрөгдөж, үнэлэгдэж, бүр өөрөө нөлөө бүхий удирдагчдынх нь нэг болж чадсан гэхэд энэ намд ээнэгшитлээ хол, итгэмээргүй хурц, тэрслүү чанар Ухнаагийн Хүрэлсүхэд бий. Ийм араншингаараа улс төр сонирхогчдын анхаарлыг амархан татаж болох ч их улс төрд цэргээс генерал болтлоо 30 жил хөндлөн давхисан нь түүний бяд.
“Нийгэм захиаллаа” гэх мессежүүд У.Хүрэлсүхийн гэрэл зургийн хамт яг одоо хаа сайгүй нисэлдэж байна. УИХ-ын 2016 оны сонгуульд МАН ялж, 65 суудал эзлэхэд л түүнийг Ерөнхий сайд болох болов уу гэсэн хүлээлт олон нийтийн тодорхой хэсэгт байсан нь үнэн. Гэхдээ Шадар сайд болж хоцорсон нь тухайн цагтаа “УИХ-ын сонгуульд өрсөлдөөгүй” гэсэн шалтгаанаар зөвтгөгдөж байв. Харин одоо бол “Нийгмийн захиалга” гэх хүндэтгэн үзэх урилгатайгаар гүйцэтгэх засаглалын тэргүүний сунгаанд оролцож байна. Дунд боловсролтой хүн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсны дараахан Ерөнхий сайдын сунгаа болж байгаа нь “мэргэжил боловсролоороо өмнөх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас дээрдэх зүйлгүй” хэмээн гологдох аюулаас У.Хүрэлсүхийг аварч байгаа. Тэгээд ч намын ажлын туршлага, удирдан зохион байгуулах чадвар, хувь улстөрчийн манлайллаараа У.Хүрэлсүхтэй өрсөлдөхүйц танигдсан лидер одоогоор МАН-д үгүй. Тиймээс Ерөнхий сайд болон МАН-ын даргаа хавсран хийх боломжтой ганцхан кандидат У.Хүрэлсүх болоод байна.
Гэвч У.Хүрэлсүх омголон, хурц, шазруун гээд сонирхолтой характераараа олны таашаал хүртдэг шигээ МАН-ын Бага хурлынхаа итгэлийг хүлээх, эсэх тааварлашгүй. Түүнийг 30 дахь Ерөнхий сайд байх “нийгмийн захиалга” гэж олж харах “билгийн мэлмий” Бага хурлын 330 гишүүний хэдийнх нь духан дээр мэлмэрэхээс шалтгаална. Түүнийг МАСЗХ буюу одоогийн НАМЗХ-ны гишүүд, өөрийнх нь үүсгэн байгуулсан Зүүний хүчний холбоо дэмжиж байгаа. М.Энхболдыг дэмжигсэд буюу “Хотын” фракцынхан түүний эсрэг санал өгөх болов уу. Харин харьцангуй цөөн тоотой ч Ц.Нямдоржийг дэмжих “Увсынхан” Сү.Батболдын “дипломат” фракцынхан, Эм Си Эс-ийн талыг баримтлагсадтай У.Хүрэлсүх хэл амаа ололцож чадвал тэр торохгүй дараагийн Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга мөн.
Н.Энхболд
Нямаагийн Энхболд бол МАН-ын имиж болсон төлөв түвшин, нуруутай, басхүү аядуу зөөлөн улстөрч. Насаараа улс төрд зүтгэсэн гэхэд ямар нэг популист үйлдэл гаргах, хүмүүст таалагдахын тулд байх аливаа хийсвэрлэлээс ангид биеэ авч явсан нэгэн. Улс төр сонирхдоггүй хүмүүс түүнийг огт танихгүй. Тиймээс “нийгмийн захиалга” бол түүнд хаяглагдахгүй. Харин МАН-ын Бага хурлын захиалга хэрхэх бол…
“Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшигчийн эсрэг ажилласан”, “65 гишүүнтэй МАН-ын бүлгийг хуваалаа” гэх шүүмжлэл Ерөнхий сайдын марафоны хүчтэй өрсөлдөгч У.Хүрэлсүхийг чиглэж байгаа. Түүнчлэн Ө.Энхтүвшинг зүтгүүлж буй “хотын” фракцынхан 60 тэрбумын гэх хэрэг явдлаар баалуулж таарна. Ингэж үзэх хандлагаар Бага хурал амьсгалахыг үгүйсгэх аргагүй бөгөөд энэ тохиолдолд У.Хүрэлсүх банга хүртэж, Ө.Энхтүвшин дэмжигчдээсээ болж хойшлон Н.Энхболдын од гийж мэдэх хувилбар бий.
Н.Энхболдыг С.Баяр болон МАН-ын ахмад гишүүд дэмжих магадлалтай. Тэрбээр МАН-ынхны таашаадаг уламжлалт хэв маягийг илэрхийлэгч тул У.Хүрэлсүхийн хувьд мөн л “эвгүй” өрсөлдөгч болох юм.
Эх сурвалж:ub.life