Францын секс бэлгэ тэмдэгт зүй ёсоор тооцогддог алдарт дуучин, жүжигчин, загвар өмсөгч Брижит Бардо 1934 оны есдүгээр сарын 28-нд Парисын чинээлэг гэр бүлийн том охин нь болж төржээ. Брижит Бардогийн нүүр будалт, үс засалт, хувцаслалт нь 1950-1960-аад оны охид бүсгүйчүүдийн даган дуурайх дуртай чиг хандлага болж байсан юм. Дуучин Жон Леннон, Боб Дилан, Элтон Жон алдартнууд түүний гоо үзэсгэлэнг уран бүтээлдээ магтан дуулдаг байжээ.
14 насандаа Брижит балетын урлагаас хөндийрч эхэлсэн ба загварын ертөнцөд хөл тавьсан байна. “Жарден де мод жюньор” сэтгүүл түүнд хамтарч ажиллах анхны санал тавьснаар Брижит загварын гараагаа амжилттай эхэлсэн юм. Үүний дараа алдарт “ELLE” сэтгүүл түүнд хамтарч ажиллах санал тавьсан гэдэг.
1950 онд “ELLE” сэтгүүлийн нүүрэнд Брижит гарч байжээ. Үүний дараа залуу найруулагч Марк Аллегре түүнийг анзаарч түүнд кинонд дүр бүтээхийг санал болгож, пробонд орохыг санал болгосон байна. Брижит кино промонд амжилттай орсноор гол дүрийг авч чадсан ч киноны зураг авалт хойшлогдсон гэдэг. Харин кино промонд орох үедээ Брижит анхны хайр Роже Вадимтай танилцсан юм. Роже Вадим нь Марк Аллегрегийн туслах байсан юм. Бие биендээ анхны харцаар ухаангүй дурласан тэд гурван жилийн дараа буюу 1952 оны өвөл 18 насандаа долоон насаар ах хүнтэй гэрлэсэн байна.
Кино урлагт байх хугацаандаа Брижит 50 гаруй кино бүтээлд тоглосон байдаг байна. Түүнийг дэлхий дахинд таниулсан бүтээл бол Роже Вадимын зохиол “Бурхан эмэгтэй хүнийг бүтээсэн” эротик кино юм. Тус бүтээл нь дэлгэцэнд гарсан даруйдаа олны анхааралд өртөж, олон сөрөг шүүмжлэл дагуулж байжээ. Тэрбээр 1973 онд 40 насныхаа босгон дээр урлагийн тайзнаас буужээ.