Өчигдөр нийслэлийн ИТХ даргатай болох ёстой байсан боловч асуудал шийдэгдсэнгүй. Учир нь МАН-ын бүлэг завсарлага авлаа. Ийнхүү нийслэлчүүдийн төлөөлөл болсон ИТХ дахин долоо хоног үйл ажиллагаа нь гацахаар болж, дарга нь тодорсонгүй. Энэ хооронд ажлаа нэгэнт өгсөн Ц.Сандуйгийн ажиллагаа үргэлжилсээр байх нь бололтой.
Нийслэлийн ИТХ өнгөрсөн тавдугаар сараас хойш огт хуралдахгүй байгаа нь нөгөө л 60 тэрбумтай холбоотой гэнэ. УИХ дахь МАН-ын 65 гишүүнтэй бүлгийн 31 гишүүн нь гарын үсэг зураад Засгийн газраа огцруулж байсан.
Гэтэл нийслэлийн ИТХ дахь 34 төлөөлөгчтэй МАН-ын бүлгийн тэн хагас нь буюу 17 нь гарын үсэг зураад ИТХ-ын даргыг огцруулж чадахгүй удсан.
Ж.Эрдэнэбатын Засгийн газраас ялгаатай нь ИТХ-ын дарга Ц.Сандуй өөрөө огцрох өргөдлөө өгчихсөн байдаг. Гэсэн атлаа өөрийн оронд өөрөөс ялгаагүй хүнээ томилуулахаар улайрч эдүгээ хүрэв. Учир шалтгаан энд л байгааг нийслэлийн ИТХ дахь шударга гишүүд ч ярьсаар байна.
Өчигдөр л гэхэд нийслэлийн МАН-ын бүлгээс ИТХ-ын даргад албан ёсоор нэр дэвшсэн нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга, төлөөлөгч Д.Баярсайхан нарын зүгээс хамт нэр дэвшсэн, адилхан л нэг намын нөхөр С.Амарсайханыг нэрээ тат хэмээн дарамталсан сураг байна. Харин С.Амарсайхан “Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн хурал гэр бүлийн хурал шиг болсон.Би нэрээ татахгүй” хэмээн мэдэгджээ.
Ингэж нийслэлийн МАН-ын ИТХ-ын нэг хэсэг буюу 60 тэрбумынхан ирж буй шударга ёсны төлөө салхийг мэдрэхгүйгээр албан тушаал, эрх мэдэлтэй үхэн хатан зууралдаж байгаа нь ичгэвтэр юм.
Тэдний зүгээс ИТХ дахь АН-ынханд ч маш их зүйл амлаж байгаагаас сөрөг хүчнийхээ хүртэл тоглолтод орсон гэнэ. АН-ын бүлгийнхэн уг нь 60 тэрбумыг эсэргүүцэж байсан ч эргээд МАН-ынхан өөрсдөө учраа олог гээд санал ч өгөхөө больжээ. Гэвч энд сөрөг хүчний буруу байхгүй,чухамдаа бол тэд улстөрөө л хийж буй хэрэг юм. Гол хэргийн эзэн, хэнгэргийн дохиурууд Ц.Сандуйгийн талынхан итгэж сонгосон иргэдээ бодмоор.
Сонгууль, дарга нь 60 тэрбумын хэрэгт орооцолдсон зэргээс болоод нийслэлд нийслэлийн ИТХ хуралдалгүй удсан. Тиймээс ИТХ-аас шийдлээ хүлээсэн ажлууд их бий. Ийм байгааг мэдэхийн цаагуур мэдэж байж хэт их улс төржсөн эдгээр завсарлагуудаас болоод тэдгээр ажлууд хэзээ, хэрхэн эхлэх, гүйцэтгэгдэх нь тодорхойгүй болж гацаанд орж байгаа аж.
Ерөнхийдөө Нийслэлийн нийт иргэдийн олонхи нь, МАН нэгэнт эрх барьж олонх болж байгаагийн хувьд нийслэлийг хөгжүүлэх, нийслэлд төрсөн, тодорхой концепцтэй бас залуу зоригтой, шийдмэг, эрч хүчтэй хүнийг сонгохыг хүссэн хүлээлттэй байна.
Гэвч “60 тэрбумын” гэх нэршил аваад байгаа Ц.Сандуй нарын багийнхан заавал НИТХ-ын даргын суудлыг авна гэж зүтгэсээр байна. Товчхондоо нийслэлд шударга ёс ялах уу,шударга бус бугшиж үлдэх үү? Гэдэг асуултын хариултыг харах л үлдлээ.
Эх сурвалж:gereg.mn
Г.Ганбаатар