-News агентлагийн тоймч З.БОРГИЛМАА Японы Токио хотноо ажиллаж байна-
Монгол, Японы хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах яриа хэлэлцээг өнөөдөр Токио хотноо хоёр орны Ерөнхий сайд нарын төвшинд хийх юм. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг стратегийн түншлэлийн төвшинд хүргэх асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 онд Японд айлчлах үеэрээ анх хөндөж, үүнээс хойш гурван жилийн дараа буюу өнгөрсөн гуравдугаар сард тус улсын Ерөнхий сайд Ш.Абэ Монголд хийсэн айлчлалынхаа хүрээнд ажил хэрэг болгох саналыг илэрхийлээд буцсан юм. Өнгөрсөн хугацаанд стратегийн түншлэлийн үр нөлөөг нэмэгдүүлэх асуудлаар хоёр тал ярилцаж, дунд хугацааны стратегийн хөтөлбөрт өнөөдөр Ерөнхий сайд нар гарын зурахад бэлэн болжээ.
Харилцан ашигтай төдийгүй бие биенээ нөхөх байдлаар стратегийн түншлэлийг хөгжүүлэх зарчмыг баримтлах хоёр орны хамтын ажиллагаа цаашид улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт идэвхтэй өрнөх үндэс ийнхүү тавигдаж байна.
Японы өндөр төвшний технологи, санхүүгийн нөөц бололцоо, нөгөө талаас Монголын газрын баялаг, харьцангуй залуу хүн ам бүхий ажиллах хүчийг өв зохистой хэмжээнд хослуулж чадвал хамтын ажиллагаа хоёр талд харилцан ашигтай байх болно гэдгийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Японы хөрөнгө оруулагчидтай уулзах үеэрээ онцолсон юм. Нэг нэгнээ нөхөх хамтын ажиллагаа хэмээн томьёолж буй стратегийн түншлэлийн хэлбэр нь дээрх хослол юм байна. Иргэд, бизнес, хувийн хэвшлийнхний хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжих стратегийн хөтөлбөрөөс хүлээж буй үр дүн нь хоёр талд харилцан ашигтай байх болно гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг мөн илэрхийлж байлаа.
Өндөр технологи, хөрөнгө оруулалтыг Японоос татахын тулд Монгол Улсс хууь, эрх зүйн орчноо тодорхой, тогтвортой болгох шаардлагатай гэж Японы бизнес эрхлэгчид үзэж байгааг тус улсын Эдийн засаг, үйлдвэр худалдаан яамны Зүүн хойд Азийн худалдааны бодлогын газрын дарга ноён М.Иванага сэтгүүлчдэд уламжилсан юм. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд эрчимтэй өссөнийг Либерал Ардчилсан намын гишүүдэд сонордуулсан илтгэлдээ дурдаад, тун удахгүй хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг улам төгөлдөржүүлэх хуулийн төслийг парламентаар хэлэлцэн батлах гэж байгаагаа мэдэгдэж байлаа.
Өчигдөр үдээс хойш ноён Н.Алтанхуяг болон албаны хүмүүс “Самурай” бондын чиглэлээр дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах Японы хувийн хэвшлийнхэнтэй уулзаж, ярилцсан юм. Өнөөдөр тэрбээр Японы Ерөнхий сайд Н.Абэтэй стратегийн дунда хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурахаас гадна тус улсын Эзэн хаанд бараалхах юм.
эх сурвалж: ньюс.мн